Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид Нигер улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулан хар тамхи оруулж ирснийг илрүүлэн баривчиллаа.

Цагдаагийн алба хаагчид сүүлийн хоёр сарын хугацаанд тасралтгүй арга хэмжээ явуулсны эцэст интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, Америкаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан олон улсын шуудангаар дамжуулан улсын хилээр нэвтрүүлж байсныг тогтоожээ.

Он гарснаас хойш энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд энэ сарын найманд иргэн О-д Нидерландын Вант Улсаас гэх хаягтай олон улсын илгээмжээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ирсэн байна. Уг бодис нь хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай байжээ.

Хуульд зааснаар дараах бараа, эд зүйлийг улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээхийг хориглодог байна. Үүнд:

  • Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа;
  • Үндэсний болон гадаад валют, үнэт цаас;
  • Ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас, цагаан хэрэглэл;
  • Цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис зэрэг аюултай бараа;
  • Амархан муудах, гэмтэх хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;
  • Хуулиар хориглосон бусад бараа.