Манай улсын гэмт хэрэг, зөрчлийн сүүлийн үеийн статистик тоон судалгаанаас үзэхэд Цагаан тахал гэгддэг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өмнөх оноос 78 хувиар өсжээ.

Ялангуяа энэ хэрэгт өсвөр үе, оюутан, сурагчид нэлээдгүй өртөж байгаа нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тухайлбал, хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүдийн талаас дээш хувийг 16-35 насныхан эзэлж байгаа юм.

Нийслэлийн прокурорын газраас он гарсаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон нийт 63 хүнд холбогдох 43 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс тус 63 шүүгдэгчийн 62 хувьд нь 1-5 жилийн хорих ял, 36 хувьд нь тэнсэн харгалзах ял оноож нэг хүнийг 19.2 сая төгрөгөөр торгосон байна.

Дээрх этгээдүүд нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад орсон мөс, шавар, өвс гэх нэршилтэй мансууруулах бодисыг хууль бусаар олж авч хадгалсан, ашигласан гэмт хэрэг үйлджээ.

Хамгийн сүүлд гэхэд Испани улсаас манай улс руу шуудан илгээмжээр сэтгэцэд нөлөөт гашиш хэмээх бодисыг хилээр нэвтрүүлэх гэж байсныг албаныхан илрүүлэн шалгаж байна.