Монголоос Хятадын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа. Тэрээр Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа хар тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард Германд саатуулагдан шалгагдаж байжээ. 

Тавдугаар сард Германы Дрезден хотын шалган нэвтрүүлэхээр манай улсын дипломат паспорттай ажилтан 70 кг героин төрлийн мансууруулах бодисыг консулын газрын машинаар хил нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсан юм. 

Уг хэрэгтэй холбоотойгоор Монгол улсын нэр хүнд олон улсад унасан учир Засгийн газраас хар тамхины хэрэгт холбогдож байсан Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа хүмүүсийг эгүүлэн татах ажлыг эхлүүлсэн байна. 

Сануулбал, Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтнууд албаны машинаар 70 кг хар тамхи тээвэрлэж Германы хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг шалгагдаж байгаа ба үүнийг Германы хуулийн дагуу шийдвэрлэх юм.