Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн урд зүгт 12 км-т байрлах Нугасан тохой гэх газарт иргэн Н-ийн жолоодож явсан Клугер загварын автомашин Хараа голоор зорчиж яваад голын мөс цөмөрчээ.

Улмаар аймгийн Онцгой байдлын хоёр алба хаагч мөсөнд цөмөрсөн автомашиныг татан гаргасан ба хүний амь нас эрсдээгүй байна.

Энэ мэт иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн мөс цөмрөх осол удаа дараа гарсаар байгаа юм. Тухайлбал, энэ сарын есөнд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр цаа буга тээвэрлэж явсан УАЗ-451 загварын ачааны машин осолдож, гурван иргэн амиа алджээ.

Хэдийгээр ихэнх гол мөрний ай савууд мөсөн бүрхүүлтэй байгаа ч нуурын толио, голын нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Мөн цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор мөсний зузаан буурч, хэврэгших тул гол мөрний мөсөн дээгүүр ямар нэгэн хэлбэрээр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулсаар байна.

Сануулахад, өнгөрсөн онд мөс цөмөрч, өвлийн улиралд усны ослоор 13 хүн амиа алдаж, олон тооны мал усанд живсэн тохиолдол удаа дараа гарсан юм.