Манай улсад өнгөрсөн оны байдлаар 103.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгааг үндэсний статисткийн хорооноос мэдээлж байгаа юм. Үүнээс хөдөлмөрийн насны 73,2 мянган иргэн ажил хөдөлмөр, эрхэлж чадахгүй байгаа нь тулгамдсан асуудлын нэг болоод буй юм.

Харин хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас эдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг байна. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар харааны бэрхшээлтэй хоёр иргэнийг ажлын байраар хангажээ.

Дээрх хоёр иргэн нийгмийн даатгалтай холбоотой бүхий л хууль журмыг нарийвчлан судалж, холбогдох мэдээллийг өгөх чадамжтай болсон бөгөөд тус газрын лавлах  дугаарын утсанд ирсэн иргэдийн асуултад хариулт өгч ажиллах гэнэ.

Өнгөрсөн оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийг шинэчилж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхийг хамруулахаар болсон бөгөөд 2017 онд уг хөтөлбөрт 5782 иргэн хамрагдаж 3.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Түүнчлэн 1144 байнгын, 171 түр ажлын байр бий болсон бөгөөд энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хөрөнгийг 4.5 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн гэдгийг салбарын сайд С.Чинзориг өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн юм.