Дэлхийн цагаан таягтны өдөр буюу хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр Даваа гарагт тохиолоо. Энэ өдөр мөн Хараагүйчүүдийн үндэсний холбооны 40 жилийн ой тохиосон юм.

Үүнийг тохиолдуулан БСШУСЯ-аас дөрвөн хараагүй иргэнийг ажлын байраар хангасан байна. Тодруулбал дээрх дөрвөн иргэнд яамны байран дахь кофе шопыг түрээсгүй ажиллуулах боломж олгожээ.

Өмнө нь ХНХЯ-ны кофе шопыг 80-90 хувийн харааны бэрхшээлтэй дөрвөн иргэн ажиллуулж эхлэн ажлын байртай болсон юм.

Түүнчлэн хөдөлмөр зүтгэлээрээ бусдыгаа үлгэрлэж яваа есөн харааны бэрхшээлтэй иргэнийг Засгийн газрын цол тэмдгээр шагнасан байна.

Сонирхуулбал, БСШУСЯ-аас энэ онд харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн бага ангийн сурах бичиг хэвлэх эрхийг есдүгээр сард олгож, гуравдугаар ангийн сурах бичгийг брайль үсгээр хэвлэн хүлээлгэн өгчээ. Тус сургуульд 80 сая төгрөгийн сантехникийн засвар, 30 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.

Мөн харааны бэрхшээлтэй хүүхдийн 186 дугаар цэцэрлэгт 25 сая төгрөгийн тоглоом, компьютер, ширээ сандал, 80 сая төгрөгийн гадна талбайн тохижилт, налуу зам, үерийн хамгаалалт зэргийг хийсэн байна.

Одоогоор 186 дугаар цэцэрлэгт 55 хүүхэд, 116 дугаар сургуульд 123 сурагч суралцаж байна.