Та хэрвээ бизнесийн байгууллагад ажилладаг бол өөрийн хуанли дээр тэмдэглэсэн олон нетворкинг уулзалтууд болон харилцааны ур чадварыг ашиглан карьераа өсгөх боломжтой. Гэхдээ маш олон харилцагчтай байх нь хангалтгүй бөгөөд харилцааг хүчтэй хэвээр хадгалах нь л чухал юм. Зарим хүмүүс нетворкинг уулзалтаас ирээд ширээ дүүрэн нэрийн хуудас гарган тавьдаг ч, түүнийгээ дахиж ашиглахгүй байх нь бий. Тэгвэл танд харилцааны ур чадвараа үр дүнтэй байлгах, харилцагч нартайгаа идэвхтэй харилцааг хадгалах талаас тулгамддаг үндсэн сорилтуудыг хамтдаа авч хэлэлцье.

Зураг: Forbes

Сорилт 1: Цаг зав гаргаж чадахгүй байх

Та маркетинг, гадаад харилцаа, худалдаа борлуулалтын чиглэлээр ажилладаг тохиолдолд үдийн цайны цагаар хийх уулзалтууд, ажлын дараа амжуулж харилцагчтайгаа кофе уух гээд зав чөлөө тун хомс байдаг нь ойлгомжтой. Тэрхүү олон уулзалтуудыг цаг тухайд нь хийж чадахгүй байвал харилцагч нараа хадгалахад хүндрэл бэрхшээл тулгардаг.

Тэгвэл та цагаан тугаа өргөж, бууж өгөхөөсөө өмнө дараах байдлаар ажиллаад үзээрэй. Юуны түрүүнд байнга холбоотой байх шаардлагатай контактуудыг дотор нь эрэмбэлэх хэрэгтэй. Зорилго, чиглэл, чухал байдал, ач холбогдол зэргээр нь өөрийн харилцагч нарыг бүлэглэ. Тэдгээр хүмүүсийг A, B, C хэмээн ангилах бөгөөд өөрийнхөө цагийн хуваарьт нийцүүлэн харилцаа холбоогоо сайтар төлөвлө. Жишээ нь: А жагсаалтанд багтсан харилцагч нартайгаа үе үе оройн хоол идэж, танай бараа бүтээгдэхүүн үйлчилгээ, хамтын ажиллагаанд хэр сэтгэл хангалуун байгааг тандаж байх нь зөв. Харин C жагсаалтын харилцагч, танилууд, түншүүдтэй зөвхөн баярын улиралд цаг товлож уулзах, сэтгэгдлийг нь сонсоход хангалттай.

Түүнчлэн харилцагч нартайгаа идэвхтэй харилцааг хэвээр үргэлжлүүлэхэд таны өөрийн идэвх санаачлага чухал. Заавал уулзаж ярилцахгүйгээр, тухайн харилцагч, хэрэглэгч, найз нөхдөд тань хэрэгтэй байж болох мэдээлэл, цахим сонин сэтгүүлийг (newsletter) тогтмол илгээж байх нь мартагдахгүй байх, харилцааг хадгалах зохистой хэлбэр юм.

Зураг: Forbes

Сорилт 2: Шалтгаан олох

Та харилцагч нартаа зориулах цаг заваа зохицуулчихаж чадлаа гэж бодоё. Тэгвэл одоо хуваарийн дагуу харилцагч нар луугаа холбогдож, уулзалт товлох үлдэж байна. Энэ нь өөрөө томоохон сорилт болдог гэдгийг бүү мартаарай. Учир нь та ямар нэг шалтгаантай болоод, аль эсвэл хэрэгцээ шаардлага гарсан учраас л өөртэй нь уулзаж ярилцахыг хүслээ хэмээн харилцагч нар бодох нь түгээмэл. Мөн та одоогоор ажилгүй байгаа, ажил хайж байгаа тохиолдолд тэр шаардлагын үүднээс хуучин танилууд юмуу харилцагч нартайгаа холбогдох гэхэд тэд ихээхэн эргэлздэг. Хэрэв тийм тохиолдолд та ажил хайж буйгаа түрүүлж дурьдах огтхон ч шаардлагагүй.

Харилцагч, түнштэйгээ холбогдох тохиолдолд хамгийн эхний асуух, сонирхох зүйл нь танай хамтран ажиллаж буй төслүүдийн явцын талаар байх нь зохимжтой. Тэр дунд нь баярыг хэрхэн өнгөрөөх гэж байгааг лавлах, бусад сонин сайхан юу байна, ингэхэд хоёулаа нэг уулзаж, ярилцах уу хэмээн яриаг өрнүүлэх нь зүгээр.

Зураг: Forbes

Сорилт 3: Өөртөө итгэлтэй байдлаа олох

Та өөрийн танил, ажлын харилцагч, хуучин ажлын найз гээд хэн ч байсан, харилцаагаа хэвийн үр дүнтэй байлгахад анхаарах хэрэгтэй бөгөөд дараах сорилт бэрхшээл тулгардаг. Хэрэв таны хамтран ажиллагч, харилцагч тантай холбоотой байх сонирхолгүй байвал яах уу? Аль эсвэл таны өмнө хамт ажиллаж байсан менежер уулзах хүсэлтийг хүлээж авалгүй татгалзвал яах вэ? Хэрэв саяхан болсон чуулган дээр танилцсан салбарын шинжээч таны уулзах хүсэлтийг үл ойшоовол? Түүнд огтхон ч санаа зовох хэрэггүй. Учир нь “давааны цаана даваа” гэдэг шиг дээрхи үйл явдлууд олон тохиолдоно.

Хамгийн гол нь “та хэн нэгэнтэй харилцаагаа хөгжүүлэх, сайжруулах гэж байгаа болохоос бус, та тэр хүнээс ямар нэг зүйл хүсэх гэж байгаа биш” гэдгээ дахин санаарай. Ингээд бодохоор өөрийн эрхгүй таны өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Мэргэжлийн харилцаа холбоо тогтоох гэдэг нь нэг төрлийн нөхөрлөл, найзлах хэлбэр юм. Энэ талаар алдарт илтгэгч Тиллис Ледерман хэлэхдээ “Хэрэгцээнд тулгуурлаж битгий нетворкинг хий. Зөвхөн одоогоор харж нетворкинг хийх нь явцгүй. Түүний оронд амьдрал туршийн нетворкинг гэж харж аливаад хандаарай” гэжээ.