Хүн төрөлхтөнд асар их хор хохирол учруулж буй цунами, хар салхи, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгууд хэлж бус хийсэж ирдэг. Харин манай улсад газар хөдлөлтийн аюул хамгийн их эрсдэл дагуулж байгаа нь сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хийгдсэн судалгаанаас харагддаг.

Уг судалгаанаас харахад нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь газар хөдлөлийн 7-9 болон түүнээс дээш баллын ангилалд хамрагдаж байна. Тэгвэл дээрх бүсэд хот, суурин газрын 75 орчим хувь нь нийт хүн амын 86 хувь нь амьдарч байгаа юм.

Үүнээс үзэхэд манай улсад хүчтэй газар хөдлөлтийн улмаас ямар хэмжээний хор хохирол учирч болохыг төсөөлөхөд ч нэн бэрх. Харин үүнтэй холбоотойгоор хамгийн түрүүнд яригдах асуудал бол хот суурин газрын барилга, байгууламжийн чанарын асуудал.

МХЕГ-аас хамгийн сүүлд 2017 онд улсын хэмжээнд чанарын шаардлага хангахгүй, гамшиг осол, газар хөдлөлтөд тэсвэргүй барилгын судалгааг гаргажээ. Уг судалгаагаар улсын хэмжээнд нийт 117 мянга гаруй барилга, байгууламж байгаагаас шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй 2.1 мянга гаруй, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвар нь буурсан 4.7 мянга орчим барилга байгааг тогтоожээ. Эдгээрийн ихэнх нь орон сууц болон олон нийтийн үзвэр үйлчилгээний газар байгаа юм.

Хуучин барилгын дахин төлөвлөлт удаашрилттай байна

Зураг: Фэйсбүүк

Дээрх судалгаанд 1970 оноос өмнө баригдсан буюу 50-60 жилийн насжилттай барилгуудыг хамруулж, чанар стандартыг тодорхойлсон байна. Эдгээрээс Улаанбаатарт ашиглалтын шаардлага хангахгүй 706, газар хөдлөлтийн тэсвэр муудсан 3484 барилга байгаа юм.

Тэгвэл Засгийн газраас хуучин барилгуудыг дахин төлөвлөлтөд хамруулах, үнэлгээ хийх, паспортжуулах ажлыг хэрэгжүүлж байгаа ч төсөв мөнгө, газар чөлөөлөлт, дэд бүтэц зэрэг асуудлуудаас үүдэн эрчимтэй явагдахгүй байгааг албаныхан хэлж байна.

Тухайлбал, Нийслэлийн хот төлөвлөлтийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Г.Энхтуяагийн мэдээлснээр 2011-2018 оны хооронд Улаанбаатарт байгаа 658 барилгад газар хөдлөлт, чанарын үнэлгээ хийж паспортжуулсан бөгөөд 234 барилгыг газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлжээ.

Дээрх 234 барилгаас Хотын даргын захирамжаар 145-ыг нь дахин төлөвлөлтөд хамруулахаар болсон бөгөөд одоогоор 70 орчим байршилд хувийн хэвшлийн компаниуд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ.

Харин алслагдмал, дэд бүтэц муу, олон оршин суугчидтай байршлуудад сонгон шалгаруулалт явагдахад хүндрэлтэй байгаа учир 58 орчим байршилд улсын төсвөөс зайлшгүй барилгажуулах шаардлага үүсжээ. Гол нь мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан, нурах дөхсөн эдгээр барилгууд өнөөдрийг хүртэл ашиглагдсаар байгаа нь гэнэтийн гамшиг осолд тэсрэх бөмбөг шиг нэг л өдөр нурах эрсдэл дагуулсаар байна.

Зураг: Newspress

Гамшгаас урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг доллар гамшгийн дараа зарцуулсан 10 доллартой тэнцэнэ гэж олон улсад үздэг. Гэвч манай улсад хуучин барилгуудаа шинэчлэх ажилд төсөвт нэг ч төгрөг суулгаагүй байна. Иймд хуучин барилгуудыг шинэчлэх ажлыг хувийн хэвшлээр хийлгэх, хувийн хэвшлийн сонгон шалгаруулалт явагдах боломжгүй байршлуудад улс, орон нутгийн төсвөөс тодорхой хэмжээнд мөнгө төсөвлөх цаг нь хэдийн иржээ.

Гамшиг хариуцлага, хяналтгүй байдлыг тойрохгүй

Мэргэжлийн байгууллагууд 1970 оноос өмнө баригдсан барилгыг газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлдэг ч 1990-ээд оноос хойш баригдсан барилга байгууламжуудад цэгцтэй судалгаа хийж байгаагүйн улмаас газар хөдлөлтийн тэсвэрлэлт, үнэлгээг нарийн тогтоох боломжгүй байдаг байна.

Нэг ёсондоо шинээр баригдаж буй барилгуудад чанар аюулгүй байдлын үнэлгээ хийдэг ч газар хөдлөлтийн тэсвэрлэлтэд нарийн тогтсон үнэлгээ, дүгнэлт гаргах хяналтын механизм сул байгаа юм. Барилгын чанар стандартыг шалгах үүрэгтэй гол байгууллага бол Мэргэжлийн хяналтын газар.

Зураг: Wikimedia

Гэвч тус байгууллагаас баригдаж буй бүх барилга байгууламжид нэг бүрчлэн хяналт шалгалт хийх боломж, хүн хүч хомс байдаг гэдгийг МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Уранчимэг хэллээ. Үүнээс үзэхэд төр хяналт тавьдаг гэх нэртэй ч хяналт хариуцлагын тогтолцоо сул явсаар ирсэн барилыг салбарт хөндлөнгийн хяналт тавих хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэдэг нь өнөөгийн нөхцөл байдал тод харуулж байна.

Үүнд барилгын чанарыг сайжруулах, ашиглалтад хүлээн авахаас өмнө сорил шинжилгээ хийх улсын лаборатори байгуулах, гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог бий болгох замаар хувийн хэвшил хөндлөнгийн хяналтыг сайжруулах зэрэг олон улсад түгээмэл хэрэглэгддэг аргуудыг нэвтрүүлж болно.

Тухайлбал, гамшгийн эрсдэлийн даатгалыг бусад орнууд амжилттай хэрэгжүүлдэг бөгөөд үүнийг бий болгосноор гамшгийн үеийн зардал буурч, хөндлөнгийн хяналт сайжирдаг байна. Мөн гадны оронд барилгын ажлын үе шат, материалд хяналт тавьж ажилладаг чадварлаг инженертэй хяналтын компани ажилладаг. Харин манай улсад уг тогтолцоог нэвтрүүлэх эрх зүй орчин байдаггүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Гэхдээ  Засгийн газраас 2016 онд батлагдсан барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар барилгын стандарт норм, газар хөдлөлтийн үнэлгээг МХЕГ-аас гадна зураг төсөл зохиох, барилгын пасспортжуулалтын дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлтэй компаниуд хийх эрх олгохоор хуульчилж өгчээ. Энэ нь барилгын салбарт тавих хувийн хэвшлийн хяналтыг нэмэгдүүлэхэд түлхэц болсон ч хараахан бүрэн утгаараа хэрэгжихгүй байна. Нэг ёсондоо дээрх тусгай зөвшөөрөл бүхий компани барилгын ажилд албан ёсоор хяналт тавихад оролцдоггүй гагцхүү зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх журмаар хэрэгждэг гэдгийг Монголын барилгын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Мөнхбаяр хэллээ.

Нөгөө талаараа чанаргүй барилга барьж буй компаниуд, түүнийг хүлээж авч буй улсын байцаагчид тооцох хариуцлага сулхан байгааг барилгын салбарт гарч буй хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, барилгын чанараас харж болохоор байна. МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Уранчимэгийн мэдээлснээр шинээр баригдаж ашиглалтад орсон барилгатай холбоотой гомдол мэдээлэл тус газарт тасардаггүй гэдгийг хэлж байна.

Зураг: Өдрийн Тойм

Мэдээж ганцхан зуны бороо ус даахгүй таазнаасаа ус алддаг, гадна пасат нь хууларч байгаа барилгууд 7-9 баллын газар хөдлөлтөд торойж үлдэнэ гэдэг юу л бол. Нэгэнт чанаргүй баригдсан барилгыг нураасан тохиолдол Монголд лав дуулдсангүй. Энэ мэт чанар стандартаас илүү эрэлт хэрэгцээ, ашиг хонжооны салбар болчхоод буй барилгын салбарт төрийн бодлого, хатуу хяналт, хариуцлага үгүйлэгдсээр байна.

Ниргэсэн хойно нь хашхирах биш, урьдчилан сэргийлэх нь аливаа эрсдэлийн хамгийн чухал менежмент юм. Тэр тусмаа хэлж биш хийсэж ирдэг байгалийн гамшиг хяналт хариуцлагагүй, хойрго байдлыг тойрч өнгөрөхгүй нь лавтай.