Их Британий ханхүү Харри болон жүжигчин Меган Маркл нарын сүй тавьсныхаа дараа BBC телевизэд өгсөн ярилцлагыг хүргэе.

- Юуны өмнө сүй тавьсанд тань баяр хүргэе. Ярилцлагаа хэрхэн гэрлэх санал тавьсан талаар эхлэе.

Харри: Энэ явдал энэ сарын эхээр нэгэн орой биднийг зуслангийн байшиндаа байхад болсон.

Меган: Жирийн л нэг орой бид тахиа шарахыг хичээж байсан юм. Гэнэт л тэр өвдөглөж суугаад гэрлэх санал тавьсан. Их романтик байсан.

-Шууд л зөвшөөрсөн үү?

Харри: Тэр гуйж дуусаагүй байхад л зөвшөөрсөн. Тэгээд бид тэврэлдсэн дараа нь түүний хуруунд бөгж зүүж өгч болох уу гэхэд тэр “Аан тийм бөгж” гэсэн. Энэ үнэхээр сайхан мөч байсан. Бид хоёулханаа ч байсан. Би яг л цагийг нь олсон гэж боддог.

-Та хоёр анх хэзээ танилцсан бэ?

Меган: Гэрлэх санал тавихаас жил хагасын өмнө.

-Хүмүүс үүнийг их хурдан болоод өнгөрсөн гэж боддог.

Меган: Бид олон нийтэд ил гарахаас өмнө тав, зургаан сар болзсон. Тиймээс үүнийг хурдан гэж бодохгүй байна. Бид бие биенээсээ хол байсан ч хоёр долоо хоногоос удаан хугацаагаар уулзахгүй байж чаддаггүй байсан.

-Анх яаж танилцсан бэ?

Харри: Биднийг нэг найз маань танилцуулсан. Гэхдээ түүний талаар хэлж чадахгүй нь. Өнгөрсөн долдугаар сарын эхээр Лондонд хоёр удаа болзсон. Үүнээс гурав, дөрвөн долоо хоногийн дараа Меганыг Ботсванд ирж надтай уулзахыг ятгасан. Тэнд бид майхан бариад таван өдрийг гайхалтай өнгөрөөж бие биенээ таньж мэдсэн.

-Тэгвэл та хоёрыг танилцуулсан найз чинь зүгээр холбоод орхисон гэж үү?

Меган: Энэ яалтачгүй сохор болзоо байсан. Би Америкт төрсөн учраас хааны гэр бүлийн талаар мэддэггүй байсан. Түүний талаар ч огт мэдэхгүй учир найзаасаа “Тэр эелдэг үү” гэсэн ганц л асуулт асуусан. Хэрэв тэр эелдэг биш бол юу ч бүтэхгүй мэт санагдаж байлаа. Тэгээд бид уулзаад ууж суугаад удалгүй ахиад уулзах хэрэгтэй юм байна гэсэн.

Image result for megan harry

-Харри, чи Меганы талаар хэр мэддэг байсан бэ? Телевизээр харж байсан уу?

Харри: Найз маань хэлэх хүртэл түүний талаар огт мэддэггүй байсан. Би Suits цувралыг ч үзэж байгаагүй, Меганы тухай ч сонсож байгаагүй. Харин түүнийг анх хараад их цочирдсон. Тэгээд өөртөө, “Суугаад түүнтэй сайхан яриа өрнүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн.

-Ханхүү Харри, та хоёр хааны гэр бүлд ямар нэг шинэ өнгө төрх авчирсан гэж бодож байна уу?

Харри: Гэр бүлийн шинэ гишүүн гэдэг том багт шинэ тоглогч нэмэгдсэнтэй л адил. Бид бүгд зөв зүйлсийг хийж залуу үедээ ертөнцийг зөв өнцгөөс харахад нь туслахыг хүсдэг шүү дээ. Би Меганд их хурдан дурласан нь бүх зүйл төгс байсны илрэл. Энэ үзэсгэлэнтэй эмэгтэй гэнэт миний амьдралд орж ирсэн. Би ч гэсэн түүний амьдралд орсон. Түүнийг бүх зүйлийг сайн хийж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Бид хамтдаа гайхалтай баг.

-Харин Меган, чи жүжигчний карьераа орхисон. Бас чи НҮБ-ын элч байсан. Харин одоо илүү нөлөөтэй хүн болсон учир үүнийгээ хэрхэн ашиглах вэ?

Хүмүүс чамайг сонсож байна гэдэг маш их хариуцлагыг чамаас шаардана. Би Их Британид ирээд хэдхэн сар болсон ч надтай ижил хүсэл зорилготой ажилладаг байгууллагуудын талаар мэдэхийг хүсч байгаа.

-Чи шинэ эх оронтой, нөхөртэй болсон нь гайхалтай өөрчлөлт хэдий ч карьераа орхисон шүү дээ.  

Меган: Тиймээ, гэхдээ би үүнийг карьераа орхих биш өөрчлөлт хийж байгаа гэж боддог. Энэ бол амьдралын минь шинэ хуудас. Би долоон жилийн турш телевизийн цувралд ажилласан. Киноныхоо 100 дахь ангийг бүтээсний дараа ийм удаан амжилттай хийгдсэн цувралаараа бахархаж байлаа. Гэхдээ одоо бол багаар ажиллах цаг нь ирсэн.

Image result for suits series

-Та хоёр бие биенийхээ гэрийнхэнтэй танилцсан уу?

Меган: Түүний гэрийнхэн намайг их найрсгаар хүлээж авсан. Ээжийнх нь талынхантай ч гэсэн танилцсан. Жил хагасын хугацаанд бид бие биенээ таньж тэд ордноос гадна гэр бүлийн нэг хэсэг болоход минь тусалсан.  

-Тэгэхээр жил хагасын хугацаанд ихэнхдээ гэртээ байсан гэсэн үг үү?

Харри: Бид гадуур хооллохын оронд гэртээ телевиз үзэнгээ оройн хоолоо хийж зуслангийн байшиндаа хоёулхнаа тухтай үдшийг өнгөрөөдөг байсан. Ингэснээр бид илүү дотносож чадсан. Энэ нь бусад хүмүүс зургийг чинь авах гэж оролдохыг харахгүйгээр бие биенээ таньж мэдэх боломж олгосон.

Меган: Мөн бид найзуудыгаа оройн хоолонд урих, Харригийн гэрийнхэнтэй хамт цай уух, гудамжаар алхангаа ярилцах зэргээр дотносож байсан.

-Хатан хаантай уулзсан уу? Ямар санагдсан бэ?

Меган: Хэд хэдэн удаа уулзсан. Харригийн зөвхөн хатан хаан гэсэн хүндлэл биш эмээтэйгээ хайраар харьцаж байгааг мэдрэх гайхалтай байсан. Түүнтэй хамт байхад маш их хүндлэл төрсөн. Тэр бол гайхалтай эмэгтэй.

Харри: Бас манай нохойнууд чамд сайн байсан. Тэд өнгөрсөн 33 жилийн турш над руу хуцдаг байсан ч Меганд өөрөөр хандсан шүү.

Меган: Цай ууж байхад хөл дээр минь хэвтсэн нь үнэхээр хөөрхөн байсан.

-Энэ сайны тэмдэг байх. Нохой гэснээс Меган чи өөрийнхөө нохдыг Их Британи руу авч явсан уу?

Меган: Би хоёр нохойтой. Хоёуланг нь гөлөг байхад нь үрчилж авсан. Одоо нэг нь миний дотны найзтай байгаа. Харин нөгөөг нь Их Британид авчирсан.

Image result for megan with queen

-Меганыг аав, ах хоёртойгоо танилцуулахад ямар байсан бэ?

Харри: Түүнтэй болзож байгаа гэдгээ хэнд ч хэлээгүй байсан. Тэгтэл Уильям, Кэтрин хоёр Мегантай танилцахыг хүссэн учир бид хэд хэдэн удаа уулзсан. Тэд Меганыг сайхан хүлээж авсан. Аавтай хэд хэдэн удаа цай уусан. Гэрийнхэн маань бүгд бид хоёрыг дэмжиж байсан.

-Меган, танай гэрийнхэн чамд санаа зовж байсан уу?

Меган: Бидний талаар хэвлэлийнхэн бичиж эхлэхэд эцэг эх, найзууд маань санаа зовсон. Бас найзууд болон ээжтэй маань Харри олон хөгжилтэй цаг хугацааг өнгөрөөсөн. Мөн Харри аавтай маань уулзаж чадаагүй ч хэд хэдэн удаа утсаар ярьсан.

Image result for harry meghan kate william

-Сүйн бөгжнийхөө талаар яриач.

Харри: Энэ бөгжийг Меганы дуртай шар алтаар хийсэн. Гол чулууг нь би Бостванаас олсон. Харин хажуугаар нь шигтгэсэн алмазууд ээжийн маань үнэт эдлэлийн цуглуулгын нэг хэсэг. Түүнийг бидэнтэй хамт байгаасай гэж хүссэн юм.

-Меган, Диана гүнжийн чулууг гартаа зүүх ямар санагдаж байна?

Меган: Харри их бодлоготой хандсан. Би түүний ээжтэй уулзаж чадахгүй ч тэр бидэнтэй хамт байгаа. Мөн Дианатай ойр дотно байсан Харригийн авга эгч нар болон бусад хүмүүстэй танилцсанаар Дианатай уулзсан мэт л санагдсан.

Image result for meghan engagement ring

-Ээж чинь Меганы талаар юу гэж хэлэх байсан бол?

Харри: Тэр их баярлах байсан байх. Магадгүй Мегантай сайн найзууд болох байсан. Ийм өдрүүдэд түүнийг хамт байсан ч болоосой гэж их хүсч байна. Гэхдээ энэ бөгж байгаа учир тэр бидэнтэй хамт байгаа гэсэн үг.

Эх сурвалж: News