Сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол Японы сүмо бөхийн Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө.

Тэрээр өнөө цагийн сүмогийн түүхийг бичилцэж буй Хакухо М.Даваажаргал, Какүрюи М.Ананд аваргуудтай сүүлчийн удаа дэвжээндээ гарч ёкозүна дохё-ири ёслол хийлээ.

Үүний дараа Харүмафүжи аваргын үс хөндөх ёслол болж, ийнхүү албан ёсоор сүмогийн ертөнцөөс зодог тайллаа.

Түүний зодог тайлах ёслолд сүмогийн 68 дахь их аварга Асашорюү Д.Давгадорж ирж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд тэрээр зодог тайлсан Монголын анхны ёкозүно цолтон юм.

Харүмафүжи Д.Бямбадорж  2001 онд 16 настайдаа мэргэжлийн сүмод барилдаж, 2008 оны 11-р сарын башёд 13 даваа авснаар Озеки цолонд хүрсэн юм.

Улмаар  2012 оны долоо, есдүгээр сарын башёд дараалан нэг ч унаагүй түрүүлснээр Сүмо бөхийн Ёкозүна цолонд хүрч сүмогийн 70 дахь, гадаадын тав дахь, Монголын гурав дахь Ёкозүно цолтон болсон юм.

Сануулахад, тэрээр өнгөрсөн оны есдүгээр сарын башёд түрүүлж, дээд зиндаанд ес дэх түрүүгээ хүртээд байсан ч нутаг нэгт бөхөө зодож гэмтээсэн гэх хэрэгт холбогдон өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэр гаргасан юм.