Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол ирэх есдүгээр сарын 30-нд болохоор болжээ.

Тэрээр энэ оны өмнөхөн нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржид гар хүрсэн гэх асуудалд холбогдон, зодог тайлах шийдвэр гаргаад буй юм.

Харумафүжи Д.Бямбадорж анх 16 насандаа сүмо бөхөд хүч үзэхээр арлын Японыг зорьжээ. Улмаар 28 насандаа буюу 2012 оны долоо, есдүгээр сард дээд зиндаанд дарааллан түрүүлснээр Монгол улсаас төрсөн гурав дахь аварга буюу Японы 70 дахь Ёкозүна болсон түүхтэй.

Харумафүжи Д.Бямбадорж Япон дахь ажил хэргээ дуусгаад эх орондоо бүр мөсөн ирэхээр болсон гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр эх орондоо ирээд боловсролын салбарт түлхүү анхаарч ажиллахаар болсон бөгөөд Монголд "Шинэ Монгол" сургуулийг байгуулаад байгаа юм.