Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга, Монголын гурав дахь Ёкозүна цолтон Харумафүжи Д.Бямбадорж энэ сарын 30-нд буюу Ням гарагт зодог тайлна.

Тэрээр 2001 онд 16 настайдаа мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн бөгөөд 2004 оны 11 сард Макүүчи зиндаанд дэвшснээр Ёкозүна цолтон болох замнал нь эхэлсэн юм.

Улмаар 2008 оны 11-р сарын башёд 13 даваа авснаар Озеки цолонд хүрч, 2012 оны долоо, есдүгээр сарын башёд дараалан нэг ч унаагүй түрүүлснээр Сүмо бөхийн 70 дахь Ёкокүна цолтон болжээ.

Тэрээр мэргэжлийн сүмогийн 101 башёд барилдсанаас дээд зиндааны 78 башёд зодогдож, есөн түрүү хүртсэн байдаг.

Хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сарын башёд түрүүлсэн ч 11 сарын башёг нутаг нэгт бөхөө зодож гэмтээсэн хэргээр өнжиж улмаар өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэр гаргасан юм.

Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгснээс хойш эх орондоо ирж, боловсролын салбарт хөрөнгө оруулан Шинэ Монгол – 2 сургуулийг байгуулаад байгаа юм.

Дашрамд дурдахад, тэрээр дээд зиндаанд барилддаг бөхчүүдээс хамгийн хөнгөн жинтэй бөхчүүдийн тоонд ордог төдийгүй мэргэжлийн сүмогийн бүхий л рекордыг тогтоочхоод байгаа их аварга М.Даваажаргалыг хамгийн олон давсан бөх юм.