Төрийн үйлчилгээний цахим шилжилт төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж эхэлсэн юм.

Энэ хүрээнд нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn нэгдсэн системийг нэвтрүүлж, иргэд, ААН-үүд төрийн үйлчилгээг цахимаар авах, хяналт тавих, онлайнаар төлбөр хураамжаа төлөх зэрэг боломжийг нэвтрүүлжээ.

Одоогоор тус системээр байгаль орчны дүгнэлт гаргах, цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл авах хүсэлтүүдийг цахимжуулсан юм. Гүний худгийн компаниуд хууль зөрчих, иргэдийг хохироох асуудал гардаг тул Еservice.ulaanbaatar.mn систем энэ чиглэлийн ААН, компаниудыг бүртгэлжүүлж, тусгай зөвшөөрөл, бичиг баримтын бүрэн бүтэн байдал зэргийг хянаж байна.

Ингэснээр иргэд  эзэмшлийн газар дээрээ худаг гаргах зөвшөөрлийг цахимаар захиалах боломжтой болсон юм.

Гэхдээ уг систем нь иргэдийн бүрдэл материал дутуу, хууль бус хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Мөн энэхүү систем нь мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, иргэдийн цаг хугацааг хөнгөвчилж, төрийн үйлчилгээг ойртуулсан чухал ажил болсон гэдгийн албаныхан мэдэгдлээ.

Төрийн цахим шилжилтийн хүрээнд нийслэлийн таван байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нэгдсэн системд оруулах ажлууд хийгдэж байгаа юм.

Сануулбал, 2018 онд нийслэлд байгаа хувь хүний болон ААН-ийн гүний худгийг бүртгэж, бичиг баримтжуулсан юм. Гүний худгийг бүртгэлжүүлэх ажлыг анх 2013 онд хийсэн ба тухайн үед 5300 худаг бүртгүүлжээ.