УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганыг өндөрлүүлж, ээлжит бус чуулганыг эхлүүллээ. Хаврын чуулган энэ сарын нэгэнд хаалтаа хийх байсан ч дундаа завсардсаны улмаас өнөөдрийг хүртэл сунгаад байсан юм. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байгаа тул Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжлэх хуулийн заалтын дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Өнөөдрийн ээлжит бус чуулганд ирвэл зохих 69 гишүүнээс 59 нь ирж ирцээ бүрдүүллээ.

Хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ энэ хаврын чуулганаар хууль тогтоох, батлах ажилд чанарын өөрчлөлт орсон гэдгийг дурдлаа.

Хаврын чуулган ажлын 66 өдөр үргэлжлэн, 24 удаа хуралдаж, 118 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн 99 хууль, 44 тогтоол баталсан нь өнгөрсөн оны хаврын чуулганаас 50 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

Түүнчлэн энэ удаагийн чуулганаар иргэдийн санал бодлыг сонсох, засаглах эрхийг хангахад чиглэж, УИХ-аар иргэд, байгууллага, ААН-ийг оролцуулсан 11 нээлттэй хэлэлцүүлэг, хоёр нийтийн сонсгол хийсэн байна.

Үүнээс гадна хаврын чуулганаар Татварын багц хууль, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга, ЖДҮ-ийн хууль, ЕБС-ийн хоол үйлдвэр үйлчилгээний тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг онцлох хуулийг хэлэлцэн баталжээ. 

Мөн Төрийн байгууллага, төрийн албан хаагчдын ёс зүй хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс Чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах, төрийн албаны ёс зүй хариуцлагын тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулж батлахад бэлэн болсон гэдгийг УИХ-ын дарга мэдэгдлээ. 

Тэрээр хэлсэн үгнийхээ төгсгөлд Үндсэн хуулийн өөрчлөлтийг долоо хэмжиж нэг огтлох зарчмаар гарсан санал, шүүмжлэл, сануулга бүхэнд нэн анхааралтай хандана гэдгээ илэрхийлсэн юм. 

Дашрамд, дурдахад, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоног хийхээр төлөвлөсөн ч наадмын дараа хэлэлцэх Ерөнхийлөгчийн саналыг эрх баригчид хүлээн авсан байна.