УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хаврын ээлжит чуулганы хугацааг сунгах шийдвэр гаргалаа. Уг шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хугацааг сунгах тухай захирамж гаргасан байна.

Захирамжид хаврын ээлжит чуулганы хугацааг долдугаар сарын 10 хүртэл сунгахаар заажээ. Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг хоорондын хугацаанд иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, иргэдээс гаргасан саналыг нэгтгэн Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх юм. 

Одоогийн Үндсэн хууль анх 1992 онд батлагдсан ба 2000 онд Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор эрдэмтэн, судлаачид өөр өөр байр суурьтай байгаа юм. Зарим нь Үндсэн хуулийг өөрчилж, дордуулсан долоон өөрчлөлтийг засах ёстой гэж байгаа бол нөгөө хэсэг нь нэг нам олонх байхад эцэг хуулийг өөрчлөх нь буруу гэжээ.