ХХААХҮЯ-аас байгууллагынхаа цаасны хэрэглээг бууруулах, хэмнэх, цаасны хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх зорилгоор 3R хөдөлгөөнийг эхлүүллээ.

Ингэснээр хог хаягдлыг бууруулах, санаачилгын өргөжүүлэн бусад байгууллага ААН-ийг хамруулах, олон нийтийн дэмжлэг тусламжтайгаар хаягдал цаасыг дахин боловсруулах системийг сайжруулах, байгаль орчноо хамгаалахад хувь нэмэр оруулна гэж үзжээ.

Уг хөдөлгөөнд Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, хаягдал цаас ангилан ялгах Төвшин сайхан төв, хаягдал цаас дахин боловсруулж өндөгний хайрцаг үйлдвэрлэдэг Түмэн шувуут ХХК хамтран ажиллаж байгаа юм.

Манай улс өнгөрсөн оны байдлаар Орос, Финлянд улсаас 678.275.0 кг цаас, 1.956.27 мянган ширхэг дэвтэр импортолсон байна. 

Мөн төрийн байгууллагын хамгийн их хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг А4-ийн цагаан цаас тэргүүлсэн ба нийслэлийн хогийн цэгүүдэд өдөрт 3000 тонн хог хаягдаж байгаагийн 70 хувийг цаас эзэлж байгаа юм.

Гэвч 10 сая ширхэг цаас үйлдвэрлэхийн тулд 2500 мод, 56 мянган галлон тос, 595 мянган киловатт цахилгаан зарцуулагддаг байна. 

Судалгаанаас үзэхэд 50 жил ургасан нэг мод амьдралынхаа туршид 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж, 197 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулж, 197 сая орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрсний элэгдлийг хамгаалдаг байна.