Хоолны хаягдал боловсруулах зорилгоор жоом үржүүлгийн фермийг Ля Яанронг гэх эмийн үйлдвэрт ажилладаг байсан эр байгуулжээ. Тус ферм Хятадын төв хэсэгт оршдог ба өдгөө 300 сая жоом үржүүлээд байна.

Хаягдал хоол боловсруулахад жоом ашиглах нь байгальд ямар ч хор нөлөөгүй учраас жоомны тоогоо 4000 болгохоор зорьж байгаа тухай фермийн эзэн ярьжээ. Одоогоор тус фермийн жоом өдөрт 15 тонн хоолны хаягдал идэж, байгальд хоргүйгээр боловсруулдаг байна.  

“Жоом бүхнийг иддэг. Зөөлөн, хатуу, чихэрлэг, гашуун, исгэлэн, халуун ногоотой байх нь хамаагүй” гэж фермийн эзэн Ли Яанронг ярьжээ.

Хятад улсад жилд дунджаар 60 сая тонн хоолны хаягдал гардаг бөгөөд үүнийг боловсруулахдаа исгэх аргыг ашигладаг нь зардал өндөр төдийгүй байгальд хортой байдаг юм байна.

Зураг: latimes.com

Хэрэв тус ферм жоомны тоогоо төлөвлөгөөний дагуу нэмж чадвал өдөрт 200 тонн хаягдал хүнс боловсруулах ба зэргэлдээ орших хотуудын хаягдлыг боловсруулах боломжтой болох гэнэ.

Үүнээс гадна жоомыг анагаахын салбарт ашиглаж ирсэн эртний уламжлал Хятадад бий.  Жоомны орц найрлагатай бүтээгдэхүүн нь шарх эдгээх, гэмтсэн эдийг нөхөн төлжүүлэхэд тустай байдаг гэнэ.   

Найрлаганд нь жоом орсон эм, эмийн төрлийн бүтээгдэхүүний эрэлт ихэссэнтэй холбогдуулан сүүлийн жилүүдэд жоом үржүүлэг Хятадад эрчимтэй хөгжих болжээ. Хамгийн эрэлт ихтэй жоомны төрөл нь Америк төрлийн жоом бөгөөд ойролцоогоор 4 см орчим урттай, амьдралын мөчлөг нь 700 өдөр үргэлжилдэг байна.  

Дэлхийн хамгийн том жоом үржүүлгийн төв Хятадын Сичуан мужид байрладаг. Уг үржүүлгийн төв ойролцоогоор 6 тэрбум нас бие гүйцсэн жоомтой ба жоомоо эмийн үйлдвэрлэлд ашигладаг гэлээ.

Эх сурвалж: South China Morning Post