Бид тоймлоё, Та унш

2019.05.01 Лхагва                                                  20°C   2,642.42  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё


Хэдхэн бургас тайрсан хэргийг сэргээлээ

Туул гол дагуух бургасыг зөвшөөрөлгүйгээр хядсан Зүүнбаян рефайнери ХХК-ийн хэргийг прокурор дахин сэргээлээ. Тус хэргийг Нийслэлийн прокуророос 4/4-нд тодорхойгүй шалтгаанаар хаагаад байсан юм.

Хэр их бургас сүйтгэсэн бэ?

Компаний мэдэгдсэнээр хэдхэн бургас. Гэхдээ БОАЖЯ-ны мэдээлснээр 0.6891 га талбайн бургасан ойг сүйтгэж, байгаль орчинд ₮13 тэрбумын хохирол учруулсан байна. Зүүнбаян рефайнери нь хотын дарга С.Амарсайханы хамаарал бүхий этгээдийн компани гэгддэг ба шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл зөвшөөрлийг нь цуцалсан юм.

Хэдхэн бургасны хэмжээлшгүй их ач тус

Бургас нь хөрс голохгүй хаана ч ургадаг ба ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлдэг тустай. Тухайлбал, нас бие гүйцсэн үедээ 1000 литр хүчилтөрөгч ялгаруулдгаас гадна үндсээрээ усны бохирдлыг шүүдэг байна. Мөн 1 га талбайд ургасан бургасан ой өдөрт 33 тн нүүрс хүчил шүүж, дуу чимээг сарниулан, голын эргийг нуралт гулгалтаас хамгаалж, усны ууршилт, цөлжилтийг бууруулж, элсний нүүдэл зогсоох чухал ач холбогдолтой юм.


Говь-Алтайчууд эрүүл усаар хангагдана

Австрийн ЗГ-ын 14 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Тайшир-Алтай ус хангамжийн төсөл хэрэгжиж эхэллээ. Уг төслөөр Тайширын УЦС-аас Алтай хот руу 52 км-ын урт далд яндангаар ус цэвэршүүлж нийлүүлэх байгууламж барина. Ингэснээр тус аймгийн 19 мянган иргэн 2021 оноос эрүүл ундны ус хэрэглэх боломж бүрдэх юм. Алтай хотын иргэдийн одоо хэрэглэж буй ус нь эрүүл ахуйн стандартгүй, кальци, магнийн харьцаа алдагдсан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгөөс гадна хүрэлцээ муутай байна.


Хүүхдүүдийн дунд ясны сийрэгжилт их байна

ЧД-ийн 102-р цэцэрлэгийн 4 настай хүүхдүүдийн ясны сийрэгжилтийн түвшинг тогтооход 48% нь сийрэгжилттэй байжээ. Мөн 44% нь ясны эд цөөрсөн байсан ба 8-хан % нь эрүүл байсан юм. Энэ нь буруу хооллолт, хөдөлгөөний идэвх, Д аминдэмийн дутагдлаас гадна эцэг эхчүүд хүүхдэдээ газтай ундаа ихээр хэрэглүүлэх болсонтой холбоотой гэнэ. Иймд хүүхдийг эрүүл зөв хооллож, газтай ундаа хэрэглүүлэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.


Индонез нийслэлээ нүүлгэнэ

Жава арлын хамгийн том хот нийслэл Жакарта хүн амын хэт төвлөрөл, замын ачаалал, далайн түвшин доошилж байгаа зэргээс болж өөр арал руу нүүлгэхээр боллоо. Шинэ нийслэлийг сонгох, бүтээн байгуулах, иргэдийг нүүлгэх ажил 10 гаруй жил үргэлжлэх ба $23-33 тэрбум шаардлагатай юм. Гэхдээ төв банк болон зарим бизнесийн байгууллагыг Жакартад үлдээнэ.


Японы эзэн хаан Акихито хаан ширээнээсээ буулаа

Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар өчигдөр хаан ширээнээсээ албан ёсоор буулаа. Ийнхүү өнөөдөр ханхүү Нарухитог хаан ширээнд залах ёслол болох ба үүнд хааны гэр бүлийн эмэгтэй гишүүдээс бусад бүх дээдсүүд болон ЗГ-ын төлөөлөгчид оролцох юм. Мөн 10-р сард дэлхийн ихэс дээдсүүдийг цуглуулсан дээд хэмжээний ёслол болох бөгөөд Нарухитог хаан ширээнд залах ёслолд ЗГ-аас $24 саяыг төсөвлөжээ.

Таны сонорт


Image result for rain icon Маргааш баруун болон төвийн аймгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр