Японы Хелло Китти брэндийг эзэмшигч Санрио компанийг шударга өрсөлдөөний журам зөрчсөн гэж үзэн Европын холбооноос долоон сая доллараар торгохоор боллоо. 

Учир нь тус компани Европ дахь борлуулагчдыг өөрийн орноос бусад Европын оронд бизнес эрхлэхийг нь шууд болон шууд бусаар хориглосон байна. Ингэснээр Европын худалдан авагчид өндөр үнэтэй бүтээгдэхүүн худалдан авч байгаа нь Европын холбооны худалдааны дүрмийг зөрчсөн гэнэ. 

Европын холбоо 2017 оноос хойш Найк, Юниверсал студи зэрэг компанийг шударга өрсөлдөөний асуудлаар шалгаж байгаа ба өнгөрсөн гуравдугаар сард Найк компанид 14 сая долларын торгууль ногдуулжээ. 

Энэхүү хууль бус үйлдэл өнгөрсөн 12-р сар хүртэл 11 жилийн турш үргэлжилсэн гэдгийг Европын холбоо тогтоосон юм. 

Санрио компани нь 1974 онд Хелло Киттигийн дүрийг бүтээсэн ба чихмэл тоглоом, цүнх, аяга зэрэг 50 мянга гаруй бүтээгдэхүүнийг 130 оронд худалдаалдаг байна. Үүнээс гадна Ноён Мен, Бяцхан Мисс зэрэг дүрийн худалдааны эрхийг эзэмшдэг юм. 

Эх сурвалж: DW, Japan today