Манай улс жил бүрийн есдүгээр сарын 10-ыг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон зарласан. Энэ өдрийг тохиолдуулан төрийн гурван өндөрлөг болон албаны хүмүүс хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, тэдний үр хүүхэд төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүллээ.

Цэцэг өргөх ёслолд Батлан хамгаалах яам, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулан комисс, хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, ахмадууд оролцлоо.

Манай улсын түүхэнд бараанаар тэмдэглэгдэн үлдсэн улс төрийн хэлмэгдүүлэлт 1922-1990 оны хооронд явагдсан бөгөөд ТЕГ-ын бүрэн бус мэдээгээр энэ хугацаанд 36 мянга орчим хүн хэлмэгдсэн байна.

Мөн 1939 оноос өнөөг хүртэл хүртэл нийт 31.604  хүнийг цагаатгасан ба эдгээр  иргэдийн 20.637 нь буудан алах, 8.032 нь хорих ялаар шийтгүүлжээ.

Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Засгийн газраас улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Уг хуулиар хэлмэгдэгсдийн амьд сэрүүн байгаа ар гэрийнхэнд 40-80 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгож, цагаатгах ажлыг 2020.12.31 хүртэл үргэлжлүүлэхээр болсон юм.

Дашрамд дурдахад, уг хууль мөрдөгдөж эхэлсэн 20 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүлийн 18.178 иргэнд 16.4 тэрбум төгрөгийн нөхөн олговор, амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр болох 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгожээ.