Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, ерөнхий сайд У.Хүрэлсүх, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ар гэрийхэн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ. 

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд 36 мянга орчим хүн өртсөн ба одоогийн байдлаар 31 мянга гаруй иргэний нэр төрийн сэргээж, цагаатгаад байна. 

Мөн өнгөрсөн онд Засгийн газраас улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Ингэснээр хэлмэгдэгсдийн амьд сэрүүн байгаа ар гэрийнхэнд 40-80 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгож, цагаатгах ажлыг 2020.12.31 хүртэл үргэлжлүүлэхээр болсон юм.

Одоогоор хуулийн хүрээнд 794 хүнийг өдөр тутмын сонинд зарлаж, нөхөн олговорт 3.2 тэрбум төгрөгийг олгоод байна.

Их хэлмэгдүүлэлтийн үе буюу 1930-1950 онд улс төрийн хэрэгт нийт 35744 хүн шийтгэгдсэн ба 1932-1940 онд 28451 хүн баригдаж шийтгүүлсний 20822 хүнийг буудан хороожээ.