Манай улсад амьдрах хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээсээ гарсан тохиолдолд байнга хэн нэгнээс хараат байх шаардлага гардаг. Тэдэнд хөгжлийн бэрхшээлээс гадна нийгмийн бэрхшээлийг давж гарах том шалгуурыг улс бий болгочихсон.

Тиймээс хэн нэгнээс хараат хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэтгэл зүйн талаар Сэргээн засах үндэсний төвийг сэтгэл зүйч Г.Энхбаяртай ярилцлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэн нэгнээс хараат байх нь тэднийг сэтгэл санааны ямар дарамтад оруулдаг юм бэ?

Ямар төрлийн хөгжлийн бэрхшээлтэй байгаагаас шалтгаалаад өөр өөр байдаг л даа. Жишээ нь хэл ярианы эсвэл сонсголын бэрхшээлтэй хүмүүс дотроо хуримтлагдсан маш их мэдрэмжүүдийг гадагшлуулж, илэрхийлж чаддаггүй. Тиймээс сэтгэл зүйн хувьд эмзэг болж хэн нэгэнтэй харилцахдаа нөгөө хүнийхээ харилцааг шууд сөргөөр хүлээж авах, амархан бухимддаг болдог.

Тэгвэл хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэйгээс өөр ямар төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хамгийн тогтворгүй сэтгэл зүйтэй вэ?

Гэнэт хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс. Эрүүл саруул байж байгаад магадгүй ослоор ч юмуу хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн сэтгэл санааны асуудал нэлээн төвөгтэй байдаг. Хамгийн наад зах нь ажлаа хийж чадахгүй болно, хүссэн үедээ гараад бие засаж чадахгүй болох зэргээр хэн нэгнээс хараат болоод ирэхээр хамаг итгэл урам зориг нь хугардаг.

Тиймээс гэнэт хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүст анхаарлаа хандуулж урам зориг өгч, энэ бол амьдралын нэг хэсэг гэдгийг нь ойлгуулж цаашид яах ёстой талаар нь зөвлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол маш их сэтгэл санааны дарамт гутралд ордог. Магадгүй нэг, хоёр жил шокноосоо гарахгүй явснаар эдгэхгүй байдалтай болдог. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол ерөнхийдөө үүндээ дасаад цаашид юу хийж чадах вэ гэдгээ анхаарч эхэлсэн байдаг.

Гэнэт хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүстэй яаж харилцах нь зөв бэ?  

Энэ төрлийн бэрхшээлтэй хүнтэй тэгж, энэ төрлийнхтэй нь ингэж харилцана гэсэн тодорхой зүйл байхгүй. Гэхдээ уулзаж, ярилцаад тухайн хүнийг сайтар ажиглаж, юу илэрхийлэх гээд байна, ямар үйлдэл гаргаад байна гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Гэвч энэ нь өөрөө хугацаа их шаардана.

Ерөнхийдөө гэнэт хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд маш их айдастай болж, хэн нэгэнтэй ярилцахаасаа санаа зовдог. Ингээд эхлэхээр дотроо маш их бухимдалтай болж үүнийгээ эргэн тойрныхоо хүмүүст гаргаж эхэлдэг л дээ. Тиймээс аль болох ойлгож, ярилцаж, сэтгэл санааны дэм өгч, энэ бол амьдралын нэг хэсэг гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй.

Хэд орчим насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэл зүй хамгийн эмзэг байдаг вэ?

Яг тодорхойлсон зүйл бол байхгүй. Гэхдээ уулзаж зөвлөгөө өгсөн хүмүүстээ дүгнэлт хийхэд өсвөр насныхан байдаг. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эсрэг хүйсийнхээ хүүхдийг сонирхож эхлээд илэрхийллээ буруу байдлаар гаргах эсвэл тухайн мэдрэмжээ огт гаргаж чаддаггүй. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд эсрэг хүйсийн хүнтэй хэрхэн харилцах, биед нь гарч буй өөрчлөлт зэргийг маш сайн ойлгуулж тайлбарлах ёстой.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна тэдний гэр бүл, ойр дотныхны сэтгэл зүй хэрхэн өөрчлөгддөг вэ?

Хэн нэгэн нь байнгын асаргаа шаардлагатай байлаа гэж бодоход “би байхгүй бол энэ хүн яах вэ” гэх бодол байнга ойр дотны хүмүүсийнх нь толгойд байдаг. Үүнтэй төстэй Хятадад болсон жишээг дурдъя л даа. 81 настай эмгэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ аминд хүрсэн байгаа юм. Яасан бэ гэхээр хүүхэд нь байнгын асаргаатай байсан. Гэтэл ээжийнх нь бие муудаж эхэлсэн байдаг. Тиймээс ээж нь нойрсуулах эм их хэмжээгээр өгч хүүхдээ хорлосон. Ээж нь яагаад ингэснээ шүүхэд тайлбарлахдаа, “Би удаан амьдрахгүй гэдгээ мэдэж байгаа учир хүүхдээ дахиж зовоохгүйн тулд ийм зүйл хийсэн” гэсэн байгаа юм.

Манай хот өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй биш байгаа нь тэднийг нийгмийн харилцаанд ороход сөргөөр нөлөөлдөг байх. Тэгэхээр тэд нийгмийн харилцаанд оролцоход сэтгэл зүйн ямар дайралтад өртдөг вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн харилцаанд оролцоход нэлээдгүй олон асуудлууд гардаг л даа. Жишээлбэл, үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэхэд хөгжлийн бэрхшээлийн төрлөөс хамаараад шууд хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нь мэдэх боломжгүй учраас ажилчид нь уцаарлах, үл тоох, тохиолдлууд хэд хэд гарч байсан. Үүнээс болж хөгжлийн бэрхшээлтэй иргэд сэтгэл санаагаар унах, бухимдах гэх мэт зан авируудыг гаргаж эхэлдэг. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аль болох нийгмийн харилцаанд оролцуулах тусмаа сэтгэл санаа нь тогтвортой байна.

Тэгвэл тэднийг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулахын тулд яах ёстой вэ?

Хамгийн эхэнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэд бүтэц хэрэгтэй л дээ. Жишээ нь эмнэлэг болон үйлчилгээний газрууд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан 00-той, харааны бэрхшээлтэй хүний хөтөч зам зэрэг энгийн зүйлүүд байх ёстой. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүн нэг давхраас дээшээ гарахад зориулсан шат, лифт гээд асуудлууд зөндөө. Гол нь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх нь чухал байна.