Ерөнхий сайд У.Хүрэлсүх зарим гишүүдийн хамт Хэнтий аймагт ажиллаж, Жаргалтхаан, Мөрөн сум, Хэрлэн сумын Өлзийт тосгоны иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.

Мөн сумдын сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр шийдвэрлэсэн байна. Тухайлбал, 40-50 жилийн насжилттай Жаргалтхаан сумын дунд сургууль, Мөрөн сумын соёлын төвийн барилгыг шинээр барихаар болжээ.

Эдгээр газруудад цаашид сургалт, соёл, хүмүүжлийн ажил явуулахад бэрхшээлтэй болсон учир 320 хүүхдийн сургууль, Мөрөн суманд 240 суудалтай шинэ соёлын төв барихаар шийдвэрлэлээ.

Үүнээс гадна шинэ барилгууд нь дээврээрээ хурын ус алдаж, хананд нь мөөгөнцөр үүсэх болжээ. Энэ нь барилгын компаниудын хариуцлагагүй гүйцэтгэлтэй холбоотой гэж БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг шүүмжилсэн байна.

Тиймээс одоо хийгдэж буй ажлуудад орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, норм стандартын дагуу хүлээн авахыг анхаарууллаа. Түүнчлэн хариуцлагагүй гүйцэтгэгчдийн жагсаалтыг гаргаж, цаашид тендер шалгаруулалтад оруулахгүй гэлээ.