Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа Хэнтийн аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын 62-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэх хуульчдын гомдлыг хэлэлцлээ.

Улмаар Цэц “УИХ-ын 62-р тогтоол нь Үндсэн хуулийн зарим, зүйл заалтыг зөрчсөн” гэж үзлээ. Ийнхүү Хэнтий аймгийн нөхөн сонгууль хойшлох хууль эрх зүйн орчин бүрдэж байна.

Хуралдаанд гомдол гаргасан хуульчид болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцжээ. Цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцэж, хүлээж авах эсэхийг шийдвэрлэх юм.

Сануулбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь 2017 оны зургадугаар сард “Н” гэх бүсгүйг гэрт нь хүчирхийлсэн хэрэгт холбогдож, энэ оны зургадугаар сарын 11-нд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр нөхөн сонгууль явагдах болсон юм.

Улмаар УИХ-ын 62-р тогтоолоор Хэнтий аймгийн 42-р тойрогт явагдах нөхөн сонгуулийг 10 сарын долоонд товлосон байна.

Гэвч нэр бүхий хуульчид “Нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын 62-р тогтоол нь нөхөн сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчид нэр дэвших эрх үүсэхгүй хуулийн зөрчил гарсан, Сонгуулийн тухай хуулийн 41.1, 41.2 дахь заалт буюу зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно гэсэн заалтыг зөрчсөн” гэж үзсэн юм.