МАН-ын хоёрдугаар бага хурал 53.5 хувийн ирцтэйгээр Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Бага хурлаар үндсэн хоёр асуудлыг хэлэлцэхээр намын удирдах зөвлөл шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх, нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх журмыг Сонгуулийн хуульд нийцүүлж шинээр батлах зэргийг хэлэлцэхээр болжээ.  

Хурлыг нээж намын дарга У.Хүрэлсүх үг хэлж, Хэнтий аймгийн 42-р тойрогт нэр дэвших асуудлыг танилцуулсан байна. Улмаар бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа.

Иймд маргаашаас эхлэн СЕХ-нд бичиг хүргүүлж сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэнэ гэв.

Нөхөн сонгууль зарлагдах болсон үеэс МАН 42-р тойрогт судалгаа явуулж, нэр дэвших боломжтой хэд хэдэн хүнийг тодруулсан гэж мэдэгдлээ. Гэхдээ одоогоор нэр дэвших магадлалтай хүмүүсийг олонд зарлаагүй ба хуульд зааснаар есдүгээр сарын дөрөвний дотор нэр дэвшигчдийг бүртгэх ёстой.

Нөхөн сонгууль зарласантай холбоотойгоор МАН-аас ерөнхий сайд У.Хүрэлсүх 42-р тойрогт нэр дэвшинэ гэх таамаг гарч эхэлсэн юм. Харин У.Хүрэлсүх хаалттай чуулганы үеэр “Би Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшихгүй” гэдгээ мэдэгдсэн байдаг.

Тэгвэл “нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэж У.Хүрэлсүх намынхнаа удирдах зөвлөлд албан ёсоор мэдэгдээгүй” гэж МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэллээ.

Түүнчлэн өнөөдрийг бага хурлаар 60 тэрбумын асуудалтай нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцох тухай хэлэлцүүлнэ гэж МАН-ын хяналтын ерөнхий хороо Баасан гарагт мэдэгдсэн юм. Гэвч Хяналтын ерөнхий хорооны албажуулсан тогтоолоо удирдах зөвлөлд ирүүлээгүй учир хэлэлцэх боломжгүй гэлээ.

Сануулбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга Н гэх эмэгтэйг гэрт нь хүчирхийлсэн хэрэгт холбогдож, зургадугаар сарын 14-нд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн юм. Ийнхүү Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явагдах болж УИХ нөхөн сонгуулийг 10 сарын долоонд товлосон байна.

Гэвч нэр бүхий хуульчид нөхөн сонгууль зарлах тухай УИХ-ын 62-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Цэцэд хандсан юм. Улмаар Цэц энэ асуудлыг дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр болсон ч хэзээ гэдэг нь тодорхойгүй байна.