Тулгар Төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан маргаан будлиангүй сайхан болж өндөрлөлөө.

Өнөө жилийн наадамд, улс, аймаг, цэргийн цолтой 512 хүчтэн Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ зодоглон хүч бяраа үзэн барилдаж, наадамчин олноо цэнгүүллээ.

Энэ жилийн наадамд таван улсын начин цолтон, нэг харцага, нэг аварга цолтон шинээр төрлөө. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар, Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр, Увс аймгийн харьяат аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн харьяат аймгийн арслан Б.Цэдэнсодном, Хөвсгөл аймгийн харьяат А.Давааням нар төрийн их баяр наадмаараа тав давж, Улсын начин цол хүртлээ.

Мөн зургаагийн даваанд улсын начин Д.Анар Улсын харцага Б.Бат-Өлзийг давж, харцага цолны болзол хангасан билээ.

Харин өнөө жилийн наадмын хүчтэнүүдийг өнгөлж, үзүүр түрүүнд Увс аймгийн харьяат Улсын аварга Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнө-Дэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд нар шалгаран үлдсэн юм.

Улмаар улсын арслан Э.Оюунболд учраа бөхөө хаяснаар ес даван түрүүлж 26 насандаа аварга цолонд хүрлээ. Тэрээр 20 насандаа улсын наадамд зургаа даван Харцага цолонд хүрч, 22 насандаа ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртэж байсан юм.

Ийнхүү Хэнтий нутгаас 30 жилийн дараа Аварга цолтон төрж, нутгийн зон олноо баярлуулсан бол өнгөрсөн жилийн түрүү энэ жилийн үзүүр бөх улсын аварга Н.Батсуурь улсын наадмын хоёр түрүү, нэг үзүүртэй боллоо.