Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын хоёронд хуралдаж Хэнтийн нөхөн сонгуулийн товыг энэ сарын 10-нд гаргахаар тогтсон бөгөөд энэ дагуу нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 30-нд явуулахаар боллоо.

Энэ хүрээнд тус хорооноос холбогдох байгууллага, намуудад зөвлөмж, албан бичиг хүргүүлж эхэлсэн байна. Тухайлбал, улсын хэмжээнд бүртгэлтэй 31 намаас тус сонгуульд оролцох боломжтой 27 намд бичиг хүргүүлжээ.

Төрийн албаны шинэчлэгдсэн хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч, төрийн албаны болон төрийн өмчийн оролцоотой компанийн захирал, дэд захирал гэсэн эрх бүхий албан тушаалтнууд сонгуульд нэр дэвших тохиолдолд товлон зарласнаас хойш тав хоногийн дотор энэ тухай өргөдлөө томилдог албан тушаалтанд гаргах ёстой юм.

Үүнээс гадна нэр дэвшигчид болон намын сонгуульд оролцох зардлын дээд хэмжээг сонгуулийн тов гарснаас хойш 100 хоногийн дотор Аудитын ерөнхий газар тогтоож өгөх хуультай байна.

Хэнтийн 42 тойргийн нөхөн сонгуулийн зардалд нийт 287.6 сая төгрөг батлагдсан бөгөөд үүний 246.1 сая төгрөгийг СЕХ, 32 сая төгрөгийг Улсын бүртгэлийн газар, 8.3 сая төгрөгийг Цагдаагийн байгууллагад хуваарилжээ.

Мөн тус тойрогт Хэнтий аймгийн төв буюу Хэрлэн сум, Мөрөн, Жаргалтхаан сум гэх гурван газарт 21 хэсэгт санал хураалт явуулах юм. Улсын бүртгэлийн мэдээллээр тус тойрогт 17.4 мянга гаруй сонгогчийн тоо байгаа ба энэ нь 2016 оноос 900 гаруй сонгогч нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа гэнэ.

Одоогоор 42-р тойргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаагүй байгаа ба энэ долоо хоногт УИХ захирамж гаргаснаар шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Сануулахад, Хэнтийн нөхөн сонгууль өнгөрсөн оны 10-р сард товлож, 14 нам нэр дэвшихээ мэдэгдсэн ч нэр бүхий хуульчдын гомдлын дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарснаар хойшилсон юм.