Нэр бүхий иргэд 2018 оны зургадугаар сарын 14-нд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн тогтоол болон Хэнтийн аймгийн 42-р тойргийн ээлжит сонгууль зарласан тогтоол нь Сонгуулийн болон Үндсэн хуулийг зөрчсөн гэж ҮХЦ-д хандсан байна.

Энэхүү асуудлыг өнөөдөр Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж, гишүүний өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэсэн тогтоол нь Үндсэн хуулийн зүйл заалт зөрчөөгүй гэж үзлээ. Ингэснээр хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдож, бүрэн эрхээсээ татгалзсан Д.Гантулгын эрхийг сэргээх асуудал дахин яригдахгүй юм.

Харин УИХ-н гишүүнийг чөлөөлсөнтэй холбоотойгоор Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоох УИХ-ын 22-р тогтоол болон сонгуулийн зардлыг тогтоосон 23-р тогтоол тус тус Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн Цэцээс түдгэлзүүллээ.

Тодруулбал, Сонгуулийн тов тогтоох 22-р тогтоол нь 2015 оны 12-р сард шинэчлэн баталсан Сонгуулийн тухай хуульд заасан санал авах өдрөөс 180 хоногоос доошгүй хугацаанд дээд шүүхэд бүртгүүлсэн нам эвсэл УИХ-д нэр дэвших эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл, нөхөн сонгуулийн товыг хуульд заасан 180 хоног бус 148 хоногийн өмнө тогтоосон нь ийнхүү Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн тус тус зөрчсөн байна. Мөн Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан ч 42-р тойргийн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөр санхүүжүүлэхээр тогтсон нь мөн хууль зөрчсөн гэлээ.

Түүнчлэн Цэцээс 2015 оны 12-р сард өөрчлөлт оруулан баталсан Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгууль явуулах журам, хэм хэмжээг нарийвчлан тусгаагүйгээс үүдэн сонгуулийн шийдвэрүүд удаа дараа хүчингүй болоход хүргэсэн тул Сонгуулийн тухай хуулийн нарийвчлан боловсруулах хэрэгтэй гэж үзсэн юм.

Тухайлбал, 2005 он хүртэлх Сонгуулийн тухай хуульд гишүүний бүрэн эрхэд нэг жилийн хугацаа үлдсэн бол нөхөн сонгууль явуулахгүй байхаар нарийвчлан тусгасан байсан ч 2005 онд хуулийн өөрчлөлтөөр уг заалтыг орхигдуулсан байна.

Ийнхүү Цэцээс Сонгуулийн тухай хуулийг улам боловсронгуй болгох, сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор маргаан гаргахгүй байх үүднээс нөхөн сонгууль явуулах тов, зардлын хэмжээг тогтоосон УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн түдгэлзүүллээ. Цэцээс гарсан шийдвэрийг УИХ-д хүргүүлэх бөгөөд УИХ-аас 15 хоногийн хугацаанд хэлэлцэн хариу ирүүлэх юм.