УИХ-ын чуулганы хуралдаанаар 42-р тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоож, шаардагдах төсвийг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, 72.3 хувийн саналаар хүлээж авахаас татгалзлаа. Ингэснээр нөхөн сонгуультай холбоотой асуудлыг Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор үг хэлэх үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "Би Хэнтийн 42-р тойргийн Өндөрхааны хүүхэд. Хэнтийчүүдийг төлөөлөлтэй болгож өгөхгүй юм бол үлдсэн хугацаанд би давхар  Хэнтийчүүдийг УИХ-д төлөөлье" гэсэн юм.

Сануулбал, нэр бүхий иргэд 2018.06.14-нд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн тогтоол болон Хэнтийн аймгийн 42-р тойргийн ээлжит сонгууль зарласан тогтоол нь Сонгуулийн болон Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэцэд хандсан байдаг.

Энэхүү хүсэлтийн дагуу Цэцийн дунд суудлын хуралдаан тавдугаар сарын 27-нд болж Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоох УИХ-ын тогтоол Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн түдгэлзүүлсэн юм.