Баяр наадмын амралт зугаалгыг хуушуур, хорхоггүйгээр төсөөлөх аргагүй. Тэр тусмаа хорхог хийнэ гэдэг басхүү ажиллагаа их шаарддаг. Хорхогныхаа амт шимт, орц найрлагыг тохируулах, хорхогны чулуугаа сонгох зэргээс өгсүүлээд амтат хорхог бэлэн болох хүртэл тогоочоос нэлээдгүй ур чадвар шаарддаг гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Мэдээж хорхог гэдэг хоол бол Монголчуудын нэрийн хуудас болсон хоолны нэг. Иймд хялбархан аргаар төгс амттай гүзээний хорхог хийх зөвлөгөөг хүргэе.

  • Юун түрүүнд хорхог хийх махаа бэлдэх хэрэгтэй. Ямаагаа төхөөрөөд, гэдэс дотрыг нь авч дараа нь саванд 70-90 хэмийн халуун ус хийж 5-8 минут хиртэй угаана.
  • Ингэж угаах явцад гарт үс хялгас нь зумарч унаж байгаа нь мэдрэгдэх бөгөөд үс хялгасыг ширүүн үстэй шеткоор зүлгэхэд арьс үс нь сална.
  • Арьс үсийг нь салгасны дараа цэвэр усаар сайтар угаагаад дэгээгээр өлгөж, үсний сэнсээр үлээж сэврээж өгнө.
  • Сэврээсний дараа аргалын утаа юм уу эсвэл хусны нүүрсний галын утаан дээр 30-45 минут утаж болгоно,
  • Утааны сайхан амт үнэр орсон махыг жижиглэн хэрчээд давс, амтлагч, цуу гэх мэт өөрийн хүссэн аргаар амтлаад 72 цаг хөлдөөгчид хийж хөлдөөнө. Хөлдөөж байгаа нь тухайн мах шүүс болон амтлагчаа татах процесс юм. 72 цаг хөлдөөж, шүүсийг нь татуулсан мах их сайхан амттай болдог.
  • Дараа нь чулуугаа улайсгаж, амталсан махаа улайссан чулуутай гүзээнд нь хийж, битүү чанагч дотор 45-60 минут болгоход жинхэнэ төгс амттай хорхог бий болно.

Ингээд болсон махыг  гүзээнээс нь гаргаснаар таны хорхог бэлэн болох юм. Мөн энэхүү орцоор дан ганц гүзээ бус тогоо, битүү чанагчид хорхог хийх боломжтой.

Харин хорхогоо гаргахын өмнө саванд хуримтлагдсан халуун уурыг бага багаар гаргахаа мартаж болохгүй. Хорхог хийж байгаад түлэгдэх, хорхогоо буудуулах зэрэг харамсалтай тохиолдлууд олон байдаг тул анхаарал болгоомж хэзээд илүүдэхгүй.