Аав ээжийнхээ хэрүүлийг зогсоох арга нь амиа хорлох гэж бодсон 11 настай охин судсаа ханах гэж оролджээ. Хөөрхий охин араар тавилтаас үүдэн сүүлийн сар гаруй хугацаанд өдөр бүр үргэлжилсэн аав ээжийнхээ хэрүүл, зодооныг зогсоохоор зөв гэж бодсон үйлдлээ хийсэн нь энэ байлаа.

“Би байхгүй болчихвол та хоёрыг муудалцахгүй байх” гэж бодоод ийм зүйл хийсэн гэж охин маань хэлсэн. Одоо нөхөр бид хоёр энэ асуудлыг хэрүүл зодоонгүйгээр шийдвэрлэх талаар ярилцаж байгаа. Хормойн бузрын хэрүүлээс болж нялх охиноо алдах дөхсөн” гэж охины ээж 35 настай У нулимс дуслуулан хэллээ.

Гэвч эцэг эх нь хэрэлдэх үед хүүхэд өөрийгөө хамгийн их буруутгадаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Гэр бүлийн сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндээс энэ талаар тодруулахад, “Аав ээжийн хэрүүлд хүүхэд өөрийгөө хамгийн түрүүнд буруутган ‘Надаас л болж аав ээж хоёр хэрэлдэж байна’ гэж боддог. Энэ мэдрэмж олон удаа давтагдвал хүүхэд амьдралынхаа утга учрыг алдахад хүрдэг” гэлээ.

Гэтэл сүүлийн жилүүдэд Монголын нийгэмд араар тавилтаас үүдсэн хэрүүл ихсэж байгаа гэдгийг статистик тоо баримтаас харж болно. Үүнээс үүдэн хэчнээн хүүхдийн аз жаргалтай инээмсэглэл нь гуниг шаналлаар солигдож байгааг тааварлахын аргагүй.

Өнгөрсөн онд л гэхэд 15 мянган гэр бүл салах өргөдөл гаргасны 12 мянга нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдсэн гэж Монголын эмэгтэйчүүдийн холбооноос мэдэгдсэн байна. Үүний уршгаар 19 мянган хүүхэд аав ээжийн бүтэн хайранд өсөж чадалгүй, араар тавилтаас үүдсэн хэрүүлд өөрийгөө буруутган өсөж байна.

Эдгээр өнчирч үлдэж буй бяцхан зүрхнүүд дээрх охин шиг эрсдэлтэй үйлдэл хийхгүй ч сэтгэл санаа болоод бие махбодийн асар их хүчирхийлэлд өртөн хар бараан өдрүүдийг туучиж яваа. Хууль эрхзүйн талаас хүүхэд хамгаалал сайжирч байгаа хэдий ч эцэг эхийн үүргээ биелүүлэх явдал хангалтгүй байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн байдаг.

Тодруулбал, Монголд хүүхэд хамгааллын хуулиуд байдаг хэдий ч хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх ухаан дутмаг байгааг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын стратеги үнэлгээний захирал Б.Болорцэцэг нэгэн илтгэлдээ дурдсан байна.

Уг нь эцэг эх бүхэн хүүхдээ хүмүүжилтэй, боловсролтой хүн болгохыг эрмэлздэг ч сэтгэлзүй тогтворгүй байх ганцхан тохиолдолд л хүүхдийнхээ хүмүүжил болоод сэтгэцэд асар их цочрол өгдөг гэдгээ ухамсарлах хэрэгтэй байгаа юм.

Хэдийгээр гэр бүлд хэрүүл маргаан гарах нь зүй ёсны хэрэг ч гангар шаазанг хагартал инээх бяцхан зүрхийг бүү гомдоо.