УИХ-ын чуулганы хуралдаан 40 гаруй хоног хуралдаагүй тасалдсаны эцэст Пүрэв, Баасан гарагт хуралдлаа.

Энэ удаагийн чуулганаар УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг нэн даруй хэлэлцэн батлах ҮАБ-ын зөвлөмж, ЖДҮХС-аас зээл авсан дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Прокурорын санал, сайдын томилгоо гэсэн гурван асуудлыг  хэлэлцлээ.

Эдгээр асуудлаар УИХ хоёр өдөр дараалан шөнө дүл хүртэл хуралдаж, Ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан УИХ-ын гишүүн Г.Солтаныг, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг гишүүдийн олонх бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэнээр тэднийг авч үлдлээ.

Үүний дараа хоёр сар гаруй эзэнгүй байсан ХХААХҮЯ-ны сайдын томилгоог хэлэлцэж УИХ-ын гишүүн Ч.Улааныг 94 хувийн саналаар томиллоо. Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. Тэрээр,

  • 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн,
  • 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч,
  • 1992-1996 онд улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга,
  • 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд,
  • 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд,
  • 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайд,
  • 1996 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Харин УИХ-ын даргыг гишүүдийн олонхоор огцруулах хуулийн нэмэлт өөрчлөлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэн эхний хэлэлцүүлгийн хийлээ.

Энэхүү хуулийн төсөл тус байнгын хороогоор дэмжигдсэн бөгөөд энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм.