Америкийн OpenAI ашгийн бус хиймэл оюун ухааны судалгааны компаний Дота 2-т зориулан гаргасан хиймэл оюун ухаантай ботууд тавын эсрэг тав тоглолтод мэргэжлийн тоглогчдыг ялсан байна.

Хиймэл оюун ухаантай ботууд тоглоомыг өөрсдөө сурсан бөгөөд өдөрт 180 жилтэй тэнцэхүйц хурдаар Дота 2-ийн цогц тоглоомын талбайг судалсан гэнэ.

OpenAI-ийн таван хиймэл оюун ухаантай бот мэргэжлийн тоглогч асан Бэн Вү (Merlini), Уиллиам Ли (Blitz), Иоаннис Лукас (Fogged) болон Дэвид Тан (MoonMeander), Дота 2-ийн тайлбарлагч Остин Валш (Capitalist) нартай гурван удаа тоглож, хоёр ялалт байгуулжээ.

Дота 2 тоглоом 100 гаруй баатартай байна. Тэгвэл зөвхөн 18 төрлөөс тоглох баатраа сонгох зэргээр тоглолтын нөхцлийг хиймэл оюун ухаанд зориулан өөрчилсөн гэнэ. Тэгсэн ч эхний тоглолтод хүмүүсийн баг ботуудын багийн хамгаалалтын цамхагт хүрч ч чадаагүй байна. Хоёр дахь тоглолтод хүмүүс нэг цамхгийг нурааж чадсан ч мөн л хожигдсон бол сүүлийн тоглолтод арай хийн ялалт байгуулж чаджээ.

Ердийн Дота 2-ийн тоглолтын үед тоглогчид тухайн нөхцөл байдалдаа тааруулан тулалдах, байршлаа солих эсвэл зугтах гэсэн сонголтыг хийж, тооцоолох хэрэг гардаг байна. Тэгвэл хиймэл оюун ухаанууд тоглолтын үеэр хурдтай шийдвэр гаргаж, эргэлзэлгүй үйлдэл хийж байсан нь хүнээс ялгаатай байжээ.

Мэдээж хүн биш учир эргэлзээд байх хугацаа хэрэггүй ч зөвхөн цаг хэмнэх нь тухайн шийдвэрийн чанарыг алдагдуулсан байна. Хиймэл оюун ухааны хөгжүүлэгчид тус ботууд тавдугаар сард анхлан тоглогчдод ч ялагдсан бөгөөд зургадугаар сард байнга тоглодог хүмүүсийг ялах чадвартай болсон гэнэ. Харин одоо чадварлаг хүмүүсийг хожих чадалтай болж хурдацтай хөгжиж буйг хөгжүүлэгчид нь онцолжээ.

Хөгжүүлэгчид энэ сарын 20-25-нд зохиогдох The International тэмцээнд хөндлөнгийн шоу маягаар хамгийн сайн тоглогчидтой өрсөлдөх зорилготой байгаа гэнэ. Тус тэмцээнээр олон улсын Дота 2-ын 2018 оны аваргыг шалгаруулах юм.  

Эх сурвалж: Theverge, TNW