Зүүн хойд Азийн орнуудын байгалийн хий болон хий дамжуулах хоолой форумын ээлжит хурал Улаанбаатарт зохиогдлоо. Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгч Х.Баттулга тус форумын ерөнхийлөгч Нобуо Танака тэргүүтэй гүйцэтгэх хорооны гишүүдтэй уулзлаа.

Уулзалтаар Монголоор дайруулан Оросоос Хятад руу 1100 орчим км урт хийн хоолой татах ажлын талаар хэлэлцсэн байна. Хийн хоолойг манай улсаар дамжуулах нь хамгийн дөт зам ба Япон, Солонгос зэрэг хэрэглэгч орнуудад эрчим хүч нийлүүлж, үнийг бууруулах боломжтой гэх тооцоо гарчээ. 

Уг асуудлаар уулзалтад оролцсон Хятад, Солонгос, Орос, Японы эрдэмтэн судлаачид өөр, өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Зүүн хойд Азийн эдийн засаг, хүн ам нэмэгдэхийн хэрээр эрчим хүч, байгалийн хийгээр хангах асуудал чухал болжээ. 

Форумын хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хийн зах зээлийн тухай чухал мэдээллийг бүрдүүлдэг байна. Хийн хоолойг Монголоор дамжуулах асуудалд эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, эдийн засагч Д.Жаргалсайхан Монгол улсын хүртэх ашгийг тооцоолж үзсэн байна. 

Тэрээр “1.4 метрийн голчтой, дан хоолойг барихад нэг км нь 246 сая рубль буюу 246 тэрбум рубль болно. Ингээд дамжуулах чадал нь жилд 30 тэрбум шоо метр гэвэл дамжин өнгөрүүлэх зарим гэрээний нөхцлөөр Монгол улс жилд гурван тэрбум доллар авна” гэжээ.