Коронавирусийн тархалтын улмаас дэлхийн 62 улс Хятадын эсрэг хил, гаалийн хязгаарлалт тавьсан юм. Тухайлбал, Америк, Хойд Солонгос, Австрали, Сингапур, Орос, Монгол зэрэг улс Хятад иргэдийг хүлээн авахаас татгалзсан хамгийн хатуу хилийн хориг тавиад байна.

Тэгвэл хилээ хааж, Хятад иргэдийг хүлээж авахаас татгалзах нь коронавирусээс сэргийлэх үр дүнтэй арга хэдий ч цаашдын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд сануулж байна. 

Жишээлбэл, манай улсын нийт импортын 33 хувь, экспортын 84 хувийг Хятад дангаараа бүрдүүлдэг. Мөн хилээ хааснаар экспортын орлого буурч, улсын төсөв одоогийн байдлаар 157 тэрбум төгрөгөөр тасраад байна. 

Товчхондоо манай улсын эдийн засаг бүхэлдээ Хятадаас хамааралтай байгаа юм. Гэвч хүнд цаг үед нь бүх иргэдийг нь коронавирус тээгч мэтээр гадуурхаж байгаа нь ирээдүйд Хятадын талаас үзүүлэх тусламжийг бууруулах сөрөг нөлөөтэй гэж Бээжингийн их сургуулийн профессор Лянг Жианзан хэлжээ. 

Түүнчлэн хилийн хориг тавьсан улсад зорчих Хятад иргэдийн тоо буурах эрсдэлтэй тул хориг тавихаас илүүтэй хамтран ажиллахыг зөвлөсөн байна. Учир нь, Хятад улс жуулчдын тоогоороо дэлхийд тэргүүлдэг ба 2017 онд дэлхийн эдийн засагт 277 тэрбум долларын орлого оруулжээ. 

Үүнээс гадна манай улсын нийт жуулчдын 30 хувийг Хятад иргэд эзэлдэг бөгөөд өнгөрсөн онд аялал, жуулчлалын салбараас 607 сая долларын орлого олсон байна. 

Эх сурвалж: South China Morning Post, The Telegraph