Нийслэлийн цагдаагийн газраас xичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор оюутан сурагчдад уулзалт сургалт зохион байгууллаа.

Хөдөө орон нутгаас хотыг зорьж их дээд сургуульд суралцахаар ирж буй оюутан залууст албаныхан Архидан согтуурах, Зөрчлийн тухай хууль болон бусад хуулийг танилцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өглөө.

Есдүгээр сар эхэлж, хичээл сургууль, ажил цуглах зэргээр хүн амын нягтаршил ихсэхтэй холбоотойгоор гэмт хэргийн гаралт ихэсдэг гэдгийг албаныхан хэллээ. Тухайлбал, хулгай, дээрэм, архидан согтуурахтай холбоотой хэргүүд эрс нэмэгддэг байна.

Ялангуяа хөдөө орон нутгаас ирж буй оюутан залуус эдгээр гэмт хэрэгт холбогдох, хохирогч болох явдал их байдаг гэнэ. Учир нь залуус хоорондоо нийлж дарвих, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх, архидан согтуурах, хулгай, дээрэмд өртөх зэргээр эд хөрөнгө, залуу нас, амьдралаараа хохирдог гэдгийг албаныхан хэллээ.

Тиймээс шинээр оюутан болж буй, хөдөө орон нутгаас ирсэн залууст биеэ зөв авч явах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн мэдлэг олгох үүднээс шат дараалсан ажил хийж байгаагийн нэг нь уг сургалт гэлээ.

Сургалтад 150 гаруй оюутан залуус хамрагдсан байна.

Дашрамд дурадахад, он гарсаар эхний долоон сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 16 мянга гаруй хэрэг гарсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 60 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна.