Үндэсний бөхийн салбар хорооноос энэ жилийн наадамд тав давж, шөвгийн 16-д шалгарсан бөхийн допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийлээ. 

Үндэсний баяр наадмын хууль, допингийн шинжилгээ хийх журмын дагуу тав давсан бөхчүүд, сурын харваанд түрүүлсэн харваачдаас допингийн шинжилгээ авч, Солонгос улсад байрлах допингийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлдэг. 

Энэ жилийн шинжилгээний хариу энэ сарын таванд ирсэн бөгөөд бөхчүүдэд энэ сарын наймнаас эхлэн мэдэгдэж эхэлжээ. Уг шинжилгээгээр хоёр бөхөөс сэргээш илэрсэн бөгөөд нэг бөхөөс хориотой дөрвөн төрлийн, нөгөөхөөс нь нэг төрлийн бодис илэрсэн гэдгийг Үндэсний бөхийн салбар хорооноос мэдэгдлээ.

Дээрх бөхчүүдэд энэ сарын найманд утсаар мэдэгдсэн бодловч утас нь холбогдоогүй тул мессежеер хариуг нь илгээж, энэ сарын есөнд албан бичгээр гэрт нь хүргүүлжээ. Хуулийн дагуу дээрх хоёр бөх шинжилгээний хариугаа авснаас хойш 10 хоногийн дотор дахин Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлт гаргах ёстой юм. Иймд энэ хугацаанд тухайн бөхчүүдийн нэр болон илэрсэн бодисын зарлах боломжгүй гэлээ. 

Хэрэв дээрх бөхчүүд 10 хоногийн хугацаанд хүсэлт гаргахгүй бол зарлах боломж бүрдэх бөгөөд Б сорьц өгөх хүсэлт гаргасан тохиолдолд хариу нь гарсны дараа нийтэд зарлах эрх зүйн орчин бүрдэх юм. 

Б сорьцын шинжилгээний зардлыг тухайн бөхчүүд өөрсдөө гаргах заалттай ба одоогоор сэргээш илэрсэн гэх дээрх хоёр бөх дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй байна. 

Мөн бөхчүүдийн допингийн шинжилгээг шээсээр авдаг бөгөөд Монголын олимпын үндэсний хороо, Допингийн эсрэг үндэсний төв, Баяр наадам зохион байгуулах хороо, Биеийн тамир спортын газар гэсэн дөрвөн газар хяналт тавин ажилладаг учир бөхчүүдийн шинжилгээ солигдох, элдэв эрсдэл гардаггүй гэлээ. 

Допин илэрсэн бөхчүүдэд Баяр наадмын зохион байгуулах хорооноос эрхийг хоёр жилээр хасах, Ерөнхийлөгч цол тэмдэг, бай шагналыг нь хураах гэсэн хоёр шийтгэл оногдуулах хуулийн заалттай байна. 

Дашрамд дурдахад, энэ жилийн баяр наадамд шөвгийн 16-д үлдсэн бөхчүүд шинжилгээний хариутайгаа холбоотойгоор өчигдрөөс NO DOPPING хөдөлгөөнийг өрнүүлж, хориотой бодис илрээгүй гэдгээ мэдэгдэж байгаа юм. 

Одоогоор 16 бөхөөс 15 нь шинжилгээний хариу нь хэвийн байсан хэмээн мэдэгдсэн бол шинэхэн аварга Э.Оюунболд ганцаараа мэдэгдэл хийгээгүй байна.