Улаанбаатар, Инчеон хотын дарга нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрийн 100 га талбайг ойжуулах төсөл өнөөдрөөс эхэллээ.

Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан Инчеон хотын захиргааны төлөөлөгчид болон иргэдийн төлөөлөл, Нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчид, 21 хорооны иргэд төслийн нээлтэд оролцож мод тарилаа.

Уг ойжуулах талбай нь өмнө нь иргэдийн дунд хогийн хонхор гэж нэрлэгддэг байсан бөгөөд энэхүү газрыг 10 жилийн хугацаанд ойжуулж, иргэдийн амралт чөлөөт цагийн тав тухтай орчныг бүрдүүлэх юм байна.

Төслийг хоёр хотын Байгаль орчны газрууд хамтран Инчеон хотын санхүүжилтээр хийх бөгөөд газрын доройтлыг арилгаж, цөлжилтийн эсрэг ногоон зурвас байгуулахыг зорьж байгаа юм.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нийт 470.4 мянган га талбайг хамардаг бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 24.6 хувийг ойн сангийн талбай эзэлдэг. Гэвч судалгаанаас үзэхэд нийт нутаг дэвсгэрийн 20.6 хувь нь хүчтэй, 74.5 хувь нь дунд зэргийн доройтолд өртсөн байдаг байна.

Зураг: НЗДТГ