Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг амьжиргааны түвшингээс багагүй байхаар шинэчилж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг ХНХЯ болон Сангийн сайд нарт даалгалаа.

Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн хувьд эх, эцгийн аль нэг нь хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлэх боломжгүй байдгаас гадна эмчилгээ сувилгааны зардал их учир өрхийн орлого бага байдаг байна.

Судалгаагаар эмнэлгийн хяналт, байнгын асаргаанд байдаг хүүхэдтэй эцэг, эхийн ажил эрхлэлтийн түвшинг авч үзэхэд нийт ээжүүдийн 45, аавуудын 51 хувь нь ажил эрхэлдэггүй байжээ. Ийм өрхийн 42 хувь нь ядуурлын шугамаас доогуур, 44 хувь нь ядуурлын шугамтай ойролцоо амьжиргаатай байгаа юм.

Харин иргэдийн асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлснээр өрхийн санхүүгийн ачааллыг хөнгөлж, асаргааны өдөр тутмын эм тариа, материал авах зардалд нэмэр болно гэж албаныхан үзжээ.

Манай улсад 14 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас найман мянга орчим нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байна.