Монголчууд бидний «оготны хамраас дусал цус гаргалгүй» цогцлоосон гэх Ардчилсан нийгэмд хүн бүр тэгш эрхтэй гэж заасан. Гэвч өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэгш эрхээ эдэлж чадахгүй байгаа нь олон зүйл дээр ажиглагддаг. Хамгийн наад зах нь нийтийн тээврийн үйлчилгээ.

“Ахыгаа өргөөд оруулаад өгөөч” гэх нэгэн тэргэнцэртэй залуугийн хүн царайчилсан гуйлт өнөөгийн “Гумманист” нийгэмд эргэлзэх болсон шалтгаан минь.

Магадгүй та тэргэнцэртэй иргэний ийм гуйлттай таарсан байх. Таараагүй ч байж мэдэх юм. Магад тун цөөн биз. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор Нийслэлд тэргэнцэртэй буюу тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд 10855 байна гэжээ. Найман жилийн дараах байдлаар энэ тоо өссөн буурсан эсэх нь тодорхойгүй  ч автобусанд суух болгонд минь тэргэнцэртэй иргэд нэг ч таардаггүйг бодохоор, 10 мянга гаруй тэргэнцэртэй иргэд хаана байна? гэж асуумаар…

Т.Сумъяахүү, Зураг: Өдрийн тойм

Гэмтсэнээсээ хойш найман жилийн хугацаанд нэг л удаа автобусанд суусан, хэцүү санагдаад дахиж суугаагүй гэх Т.Сумъяахүү бүсгүй гар урлал хийж олсон мөнгөнийхөө дийлэнхийг таксинд зарцуулахаас өөр аргагүйд хүрчээ.

Уг нь Нийслэлийн ИТХ-аар батлагдсан журмын дагуу ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээвэрт үнэгүй зорчихоор тусгасан. Гэвч тэд энэ эрхээ бүрэн эдэлж чаддаггүй байна.

“Би гэмтсэнээсээ хойш бараг гэрээсээ гардаггүй байсан. Бусдыг хамгийн их царайчилдаг хүмүүс бол тулгуур эрхтний гэмтэлтэй буюу тэргэнцэртэй хүмүүс. Энэ байдлаасаа болоод асар олон тэргэнцэртэй иргэд нийгмээс өөрсдийгөө тусгаарладаг” гэж Т.Сумъяахүү ярьсан юм.

Зөвхөн 2018 онд л гэхэд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 6.7 тэрбум төгрөг төсөвлөсөн гэдгийг Нийслэлийн авто тээврийн үндэсний төвийн санхүүгийн хэлтэс мэдээлсэн. Гэвч уг 6.7 тэрбум төгрөг зорилтот хэсэгтээ үйлчилж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэдгийг харуулах тоо баримт Монголын аль ч төрийн болон төрийн бус байгууллагад байхгүй байна.

Өдгөө 35 настай Б.Өлзийбаяр дөрвөн жилийн өмнө өндрөөс унаж нуруугаа гэмтээн суугаа болсон юм. Тэрээр БЗД-ийн 11 дүгээр хороо буюу Налайхын Хонхор тосгонд амьдардаг. Өглөө бүр Үйлдвэр комбинатад байдаг ажилдаа очихын тулд хэд хэдэн автобус дамжин зургаа гаруй км замыг туулдаг байна. Тэрээр Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоонд  мэдээллийн ажилтан хийдэг юм.

Б.Өлзийбаяр, Зураг: Өдрийн тойм

Налайхын замд нулимсаа залгиад өвлийн хүйтэнд  автобус хүлээдэг байсан

"Би суугаа болсноосоо хойш жил орчим гэртээ хэвтсэн. Гэхдээ ингэж тэвчээгүй. Гадагшаа гарахаар шийдсэн. Өвлийн тэсгэм хүйтэнд автобус хүлээгээд буудал дээр зогсдог. Тэргэнцэртэй хүн гээд тээр шаагаад орхих, зугтах явдал их тохиолддог байсан. Нохой эзнээ горьддог шиг нулимсаа залгиад автобус хүлээдэг байлаа".

Түүний энэ яриаг сонсоход сэтгэл эмзэглэмээр. Гэвч энэ зовлон ганц түүнийх биш. Миний хаана байна гэж асуусан 10 мянга гаруй тэргэнцэртэй иргэд энэ л зовлон дундуур тэмцэж яваа. Тиймдээ ч яагаад тэд автобусанд харагддаггүйг гайхах шалтгаангүй мэт.

Нийтийн тээврийн үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд дуу хоолойгоо хүргэсний дүнд тэдэнд зориулан буудал зарлах, урсах самбар зэргийг байрлуулсан. Энэ нь хараагүй болон сонсголын бэрхшээлтэй хүмүүст нийтийн тээврийг хүртээмжтэй болгох чухал ажлын нэг болсон юм. Харин нийтийн тээврээр зорчиход цаг тутам бэрхшээлтэй тулгардаг тэргэнцэртэй иргэдэд зориулсан нам шат, зориулалтын тавцантай зарим автобусыг нэвтрүүлсэн ч төдийлөн хүртээмжтэй биш байгааг Б.Өлзийбаяр болон бусад тэргэнцэртэй иргэд хэлж байна.

Зураг: Өдрийн тойм

Хэдийгээр Нийслэл 2015 онд зориулалтын тавцан бүхий 20 угсраа автобус хэрэглээнд нэвтрүүлж, дараагийн жилүүдэд нь хувийн компаниуд 273 автобусыг нөхөн хангалт маягаар үйлчилгээнд нэвтрүүлсний зарим нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан намхан шаттай гэж Нийслэлийн авто тээврийн газрын хэлтсийн дарга Э.Баярт хэлсэн юм.

Гэвч Б.Өлзийбаяр хоёр жилийн турш нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ дээрх зориулалтын тавцан бүхий угсраа автобусаар нэг л удаа зохих журмынх нь дагуу үйлчлүүлж үзсэн байна. Үүний шалтгаан нь өнөөх л цагтаа баригдсан яаруу автобус, тэргэнцэртэй иргэдийг ад үзсэн жолооч нартай холбоотой. Зориулалтын тавцан буулгаж тэргэнцэртэй хүнийг суулгахад дор хаяж 3-5 минут болдгийг Б.Өлзийбаяр хэлсэн юм.

Зураг: Өдрийн тойм

Хүн амьтнаар өргүүлж дамнуулаад суух гэхээр зарим автобус даажигнах мэт голдоо шонтой, эд ачаалалтай үеэр тэргэнцэртэй байтугай эрүүл хүн ч багтаж шингэх зайгүй болчихдог гэдгийг Б.Өлзийбаяр хэлж байлаа.

Мөн өвлийн улиралд автобус удаан хүлээснээс үүдэн мэдээгүй болсон гар хөлөө хөлдөөх, хууч өвчнөө сэдрээх олон асуудлыг сөрөн хөдөлмөр эрхэлж, нийгэмших хүслээ гүйцээж буй Өлзийбаяр, Сумъяахүү шиг нэгэн байхад, нийгмийн бэрхшээлээс үүдэн зүрхэндээ нулимстай, нийгэмдээ гомдолтой хэдэн хүн явааг таахын аргагүй.

Үндсэн хуульд “Хүн бүр тэгш эрхтэй” гээд заачихсан ардчилсан нийгэмд тэд нийгмийн харилцаанд орж, бусадтай адил эрхээ эдэлж чадахгүй байгаа нь манай нийгмийн хамгийн том бэрхшээл гэлтэй.