Хойд Солонгос шинэ төрлийн байлдааны зэвсэг туршсан гэж тус улсын KCNA агентлаг мэдээллээ. Энэ нь ямар төрлийн, хэр хол зам туулах чадалтай нь тодорхойгүй байгаа ч пуужин биш дайны үед ашиглах зориулалтай ойрын зайных байх магадлалтай гэнэ.

Америкийн батлан хамгаалахын департаментын мэдээлснээр Хойд Солонгосын тал ямар нэг пуужингийн туршилт хийгээгүй байна.

Шинэ зэвсгийн туршилтыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун үзэж сонирхсон юм. Тэрээр энэ үеэр, “Энэхүү зэвсэг манай эрдэмтэд, инженерүүд, хөдөлмөрчин ангийн чадварыг харууллаа. Бид энэ байдлаараа бүх төрлийн зэвсэг бүтээх боломжтой” гэжээ.

Хойд Солонгос хамгийн сүүлд 2018 оны 11-р сард байлдааны зэвсгийн туршилт хийсэн юм. Өмнөд Солонгосын засгийн газар уг зэвсгийг холын зайн олон пуужин хөөргөгч байх боломжтой гэж үзсэн байна.

Уг туршилт нь Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтаас хойш хийж буй анхны зэвсгийн туршилт юм.

Тэд өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамын Ханой  хотод хийсэн уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах асуудалд ямар нэг тохиролцоонд хүрч чадаагүй байна. Учир нь Ким Жон Ун Хойд Солонгост тавьсан хоригийг бүхэлд нь цуцлахыг хүсэж хариуд нь Хойд Солонгосын тодорхой хэсгийг цөмийн зэвсэггүй болгоно гэжээ.

Гэвч энэ нь Америкийн зорилготой нийцээгүй учир Ким Жон Ун уулзалтыг өндөрлөсөн байна. Гэсэн ч хоёр орны харилцаа халуун дулаан хэвээр байгаа гэдгийг Трамп онцолсон юм.

Эх сурвалж: CNN, BBC, RT