Хойд Солонгос Өмнөд Хванхэ мужаас зүүн зүгийн тэнгис рүү чиглүүлэн дахин хоёр пуужинг туршсан гэж Өмнөд Солонгосын тал мэдэгдлээ. Ийнхүү хоёр долоо хоногийн дотор дөрвөн удаагийн пуужингийн туршилт хийж байна. Энэ удаагийн хоёр пуужин ямар төрлийнх байсан нь тодорхойгүй юм.

Хойд Солонгос энэ сарын 25-нд эхний хоёр богино зайн шинэ загварын пуужингаа туршсан бөгөөд үүгээр Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Мөн өнгөрсөн Лхагва, Баасан гарагт богино зайн баллистик пуужинг туршсан юм. 

Хойд Солонгосын тал Өмнөд Солонгос, Америкийн хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж байгаагаа Даваа гарагт мэдэгдсэн байна. Хоёр улс жил бүр хамтарсан цэргийн сургуулилт хийдэг ч энэ нь Америк, Өмнөд Солонгосын удирдагчидтай хийсэн хэлэлцээрийг зөрчиж байна гэж Хойд Солонгосын гадаад хэргийн яам үзжээ. 

Мөн Америк, Өмнөд Солонгосыг цэргийн сургуулилтаа үргэлжлүүлсээр байвал шинэ арга зам хайна гэдгээ мэдэгдсэн байна. Америк болон олон улсын Засгийн газрууд Хойд Солонгосын цөмийн зэвсэг үйлдвэрлэл, пуужингийн туршилтад хэд хэдэн хориг тавьсан юм. 

Эх сурвалж: BBC, The guardian