Хойд Солонгос богино зайны хоёр пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын жанжин штабаас мэдээллээ. Кусон хотоос хөөргөсөн пуужингуудын нэг нь 420 км, нөгөө нь 270 км-ийн зайг туулж Японы тэнгист унасан байна.

Хойд Солонгосын KCNA агентлагийн мэдээлснээр пуужингийн туршилтыг удирдагч Ким Жон Ун үзэж сонирхсон бөгөөд цаашид армийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Хойд Солонгосын тал өнгөрсөн хоёрдугаар сард болсон Трамп-Кимийн хоёр дахь уулзалтын үр дүнд сэтгэл дундуур байгаагаа уг туршилтаар харуулж, хэлэлцээрийг өөрсдийн хүслээр явуулахыг эрмэлзэж байж магадгүй” гэдгээ илэрхийлжээ.

Америк, Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагууд Хойд Солонгосын цаашид хийж болзошгүй туршилтын анхааралтай ажиглаж байгаа юм. Хойд Солонгос энэ сарын гурванд 2017 оноос хойших анхны зэвсэгүүдээ туршсан бөгөөд Өмнөд Солонгосын тал эдгээрийг ойрын зайн пуужин байж магадгүй гэж үзжээ.

Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт өнгөрсөн хоёрдугаар сарын 27, 28-нд Вьетнамын Ханой хотноо болсон юм.

Тэд энэ үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах хамтарсан гэрээнд гарын үсэг зурах ёстой байсан ч уулзалт цагаасаа эрт өндөрлөжээ. Учир нь Ким Жон Ун Хойд Солонгост тавьсан хоригийг бүхэлд нь цуцлахыг хүсэж хариуд нь Хойд Солонгосын тодорхой хэсгийг цөмийн зэвсэггүй болгоно гэж хэлсэн байна.

Гэвч энэ нь Америкийн зорилготой нийцээгүй учир тэрээр уулзалт өндөрлөх шийдвэрт хүрсэн гэдгийг Трамп мэдэгдсэн юм.

Пуужин харвасан Кусон хот урьд нь Хойд Солонгосын пуужингийн туршилтын гол төв байсан юм. Тухайлбал, тус хотоос 2017 оны тавдугаар сард хөөргөсөн KN-17 дунд зайн пуужин 807 километрийг туулж Япон тэнгист унаж байжээ.

Эх сурвалж: CNN, BBC