Хойд Солонгос зүүн эрэгтээ дахин богино зайн хоёр баллистик пуужингийн туршилт хийсэн гэж Өмнөд Солонгос арми мэдээллээ. Пуужингууд 250 км зам туулаад далайд унасан учир Америк болон холбоотнуудад аюул заналхийлээгүй гэж Америкийн тал мэдэгджээ. 

Хойд Солонгос энэ сарын 24-нд богино зайн хоёр пуужинг Япон тэнгис рүү илгээсэн ба энэ нь 430 км зам туулж далайд унасан юм. Уг туршилт нь Өмнөд Солонгосын арми Хойд Солонгосын анхааруулгыг үл тоон цэргийн сургуулилт явуулж байгааг эсэргүүцсэн анхааруулга байсан гэж KCNA агентлаг мэдээлжээ. 

Ийнхүү ойр ойрхон пуужингийн туршилт хийж байгаатай холбоотойгоор Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордны Үндэсний аюулгүй байдлын консул яаралтай уулзалт зарласан байна. 

Трамп-Кимийн Вьетнамд хийсэн хоёр дахь уулзалт бүтэлгүйтсэнээс хойш хоёр орны цөмийн хэлэлцээр удаашраад байгаа юм. Улмаар Хойд Солонгос өнгөрсөн тавдугаар сард 2017 оноос хойш анх удаа богино зайн пуужингийн туршилт хийсэн байна. 

Өнгөрсөн сарын 30-нд Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Панмунжом тосгон дахь хоёр Солонгосын зэвсэггүй бүсэд айлчилж Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзсан юм. Энэ үеэр Трамп хилийн зурвасийг давсан Америкийн анхны ерөнхийлөгч болсон ба Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс залгах хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцжээ. 

Эх сурвалж: CNN, Skynews