Хойд Солонгос гурав дахь пуужингийн туршилтаа хийсэн гэж Америкийн арми мэдээллээ. Энэ удаагийн хоёр пуужин нь Лхагва гарагт туршсан баллистик пуужинтай ижил загварынх гэж албаныхан хэлжээ. 

Өмнөд Солонгосын армийн мэдээлснээр эдгээр пуужин Хойд Солонгосын Хамён мужаас Япон тэнгис хүртэл явсан байна. 

Хойд Солонгос энэ сарын 25-нд эхний хоёр богино зайн шинэ загварын пуужингаа туршсан бөгөөд үүгээр Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. 

Харин Америкийн ерөнхийлөгч Пүрэв гарагт мэдээлэл хийхдээ “Хойд Солонгосын пуужингийн туршилтуудад санаа зовохгүй байна. Ким Жон Ун бид хоёр уулзалтынхаа үеэр зөвхөн холын зайн болон цөмийн пуужингийн туршилт хийхгүй гэж тохиролцсон. Богино зайн пуужингийн туршилтийн талаар тохиролцоо хийгээгүй” гэсэн байна. 

Гэвч Хойд Солонгосын баллистик пуужингийн туршилт нь НҮБ-ын хоригийг зөрчсөн юм. 

Эх сурвалж: CNN, CNA