Америк, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтаас болж хоёр Солонгосын хэлэлцээрийг дуусгавар болгож байгаа гэдгийг Хойд Солонгос мэдэгдлээ. Үүний дараагаар Тончон хотоос Япон тэнгис рүү дахин хоёр пуужин харвасан байна. Энэ удаагийн пуужингийн туршилт өнгөрсөн сарын 25-аас хойш хийсэн зургаа дахь туршилт юм. 

Зарим ажиглагчдын үзэж байгаагаар Хойд Солонгосын энэхүү мэдэгдэл Өмнөд Солонгостой эдийн засгийн харилцаагаа сайжруулж цөмийн хэлэлцээрт Америкт шахалт үзүүлэх зорилготой гэнэ. 

Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Бямба гарагт мэдээлэхдээ “сүүлийн үед хийсэн цөмийн туршилтууддаа удирдагч Ким Жон Ун уучлалт гуйсан ба цэргийн сургуулилт зогсвол дахин туршилт хийхгүй” гэсэн байна. 

Хойд Солонгос жил бүр зохиогддог цэргийн сургуулилтыг дайны бэлтгэл гэж үздэг бол Америк, Өмнөд Солонгосын тал үүнийг батлан хамгаалахын зориулалттай гэж хэлдэг юм. 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин тусгаар тогтнолын баярын өдрөөр үг хэлэхдээ 2045 он гэхэд Солонгосын хойг цөмийн зэвсгийн аюулаас ангижирч хоёр улсын эдийн засгийн харилцаа сайжирч эргэн нэгдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. 

Эх сурвалж: The guardian, BBC