Хойд Солонгос газрын тосны импорт, нүүрсний экспортоо нэмэгдүүлж НҮБ-ын хоригийг зөрчсөн гэнэ. Мөн Ойрхи Дорнодод зэвсэг худалдаалж олон улсын банкуудыг хакердахыг завдсан талаар НҮБ-ын судлаачдын комисс мэдэгдлээ.

Тухайлбал, Японы гадаад хэргийн яам өнгөрсөн нэгдүгээр сард Хойд Солонгосын усан онгоц далайд газрын тос, нүүрс тээвэрлэж байгааг илрүүлсэн юм. НҮБ-ын мэдээлснээр сүүлийн үед 160 гаруй компаний 50 гаруй усан онгоц тээвэр хийж байгаа гэнэ.  

Мөн олон улсын банк, даатгалын байгууллагуудыг хакердсанаас гадна Йемен, Лив, Судан дахь Хоутигийн салан тусгаарлагчдад бага оврын зэвсэг болон балистик пуужин худалдаалахыг оролдсон байна.

Хойд Солонгос нүүрсний томоохон экспортлогч байсан бөгөөд жилд 525 мянган тонн нүүрс экспортолж, 500 мянган тонн газрын тос импортоор авдаг байжээ. Гэвч тэдний 2017 онд хийсэн цөмийн пуужингийн туршилтын хариуд НҮБ-аас олон улсын худалдаа хийхийг нь хориглосон байна.

Хойд Солонгосын тал уг хоригийг улсынх нь хараат бус байдлыг зөрчиж байна гэж үздэг бөгөөд Даваа гарагт тус улсын НҮБ дахь төлөөлөгч Ким Сон хоригоо цуцлахыг НҮБ-аас хүсжээ.  

Өнгөрсөн сард Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Вьетнамын Ханой хотноо хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаа хийсэн юм. Тэд энэ үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгасны хариуд Америкийн тавьсан хоригийг цуцлах тал дээр санал зөрөлдсөн учир ямар нэг гэрээ хийлгүй уулзалтаа өндөрлөжээ.

Эх сурвалж: CNN, NKnews