Өнгөрсөн оны долдугаар сард нураасан Хойд Солонгосын пуужингийн туршилтын станц үйл ажиллагаа сэргээсэн байх магадлалтай гэж Америкийн Миддлбури институтын эрдэмтэд хэллээ. 

Planet Labs судалгааны төвийн авсан хиймэл дагуулын зургаас үзэхэд Сохэ станцын хөдөлгүүрийн туршилтын талбайд Пүрэв гарагт том ачааны чингэлэг харагдсан байна. Пуужин, хиймэл дагуулын туршилттай харьцуулахад хөдөлгүүрийн тест нь тийм ч өдөөн хатгасан шинжгүй ба тус улсын зэвсгийн хөгжил сайжирч байгааг илэрхийлж байна гэж судлаачид хэлжээ. 

Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн оны зургадугаар сард Сингапурт анхны уулзалтаа хийсэн юм. Энэ үеэр тэд Сохэ станцыг устгахаар тохиролцсон юм. 

Хэрэв уг станц хөдөлгүүрийн туршилтаа үргэлжлүүлж эхэлсэн бол энэ нь хэлэлцээрээ зөрчсөн хэрэг болно. Судлаачдын хэлснээр Хойд Солонгос хэлэлцээрийн дагуу өнгөрсөн оны долдугаар сард тус станцыг нураасан ч энэ оны гуравдугаар сард засварласан байна. Гэвч үүнээс хойш ямар нэг үйл ажиллагаа явагдаагүй юм. 

Хойд Солонгос 2017 онд анх удаа цөмийн пуужин туршсан бөгөөд өнгөрсөн оноос хойш хоёр орны харилцаа сайжирсан учир туршилтаа цөөлсөн юм. 

Гэхдээ сүүлийн саруудад Америкийн тал цөмийн хэлэлцээрт дорвитой алхам хийхгүй байна гэж Хойд Солонгос шүүмжлэн хэд хэдэн ойрын зайн пуужин туршсан байна. Гэвч хэлэлцээрт зөвхөн холын зайн пуужин туршихгүй гэж заасан ба хоёр орны харилцаа найрсаг хэвээр байгаа гэдгийг Трамп хэлж байсан юм. 

Эх сурвалж: CNN