Хойд Солонгос анх удаа Америк, Япон, Өмнөд Солонгосын пуужингаас хамгаалах системийн сул талыг чиглэсэн цөмийн пуужингийн туршилт хийсэн гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалахын мэргэжилтэн Чой Кан мэдэгдлээ. 

Хойд Солонгос 2017 оны 11-р сараас хойш пуужингийн туршилт хийгээгүй ба үүний үр дүнд 2018 оны зургадугаар сард Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар анхны дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Харин Хойд Солонгосын тал өнгөрсөн тавдугаар сараас эхлэн 25-600 км-ын богино зайн баллистик пуужингийн туршилт хийжээ. 

Хойд Солонгосын цөмийн туршилтуудыг Трамп тийм ч сүр дуулиан болгохгүй байгаа ба Ким Жон Ун зөвхөн холын зайн пуужин, цөмийн тэсрэх бөмбөг туршихгүй гэсэн амлалтаа биелүүлж байгаа гэж мэдэгджээ. 

Гэвч мэргэжилтнүүд Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөгжлийг төсөөлснөөс илүү өндөр түвшинд хүрсэн гэж эмээж байгаа юм. Тус улсын богино зайн пуужин нь түргэн хугацаанд идэвхжиж хурдан нисдэг ба зарим ажиглагчид холын зайн пуужин ч ийм чадвартай байх боломжтой гэж үзэж байна. 

Ийнхүү пуужингийн туршилт хийх болсон нь Америк, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтын хариу арга хэмжээ гэж Хойд Солонгосын хэвлэлд мэдээлсэн юм.

Эх сурвалж: CNN