“Ерөнхийлөгч Трампын шийдвэр бол дэлхийд энх тайван, тогтвортой байдлыг хүсдэг хүний шийдвэр биш” гэж Хойдын гадаад хэргийн яамны төлөөлөгч Ким Ге-гван хэлсэн байна. Үүнээс гадна дээд хэмжээний уулзалтыг цуцлах болсонд гүнээ харамсаж, “Хойд Солонгос түүнтэй ямар ч байдлаар, хэзээ ч хамаагүй уулзах хүсэлтэй байна” гэжээ.

Зураг: VOA News, Хойд Солонгосын гадаад хэргийн яамны төлөөлөгч Ким Ге-гван

Америкийн ерөнхийлөгч Хойд Солонгосыг дайсагнасан хэмээн буруутган уулзалтыг цуцлахаар болж, удирдагч Ким Жон Унд хандан захидал бичсэн юм. Уг захидалд, “та цөмийн зэвсгийнхээ сүр хүчийг их ярьдаг гэхдээ манай улсынх илүү хүчирхэг, үүнийгээ ашиглах шаардлага гарахгүй гэж найдъя. Хэзээ нэг өдөр тантай уулзана гэдэгт итгэлтэй байна. Тэсэн ядан хүлээе” гэжээ.

Зураг: Military.com

Харин дараагаар нь ерөнхийлөгч Трамп мэдэгдэл хийн, Америкийн цэрэг арми хэрэв шаардлагатай бол Хойд Солонгосын эсрэг хөдлөхөд хэзээд бэлэн гэсэн байна.

Aмерик-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалт ирэх сарын 12-нд Сингапурт болох байсан бөгөөд уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, хурцадмал байдлыг намжаах тухай ярилцах байжээ.

Гэтэл Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногоос эхлэн уулзалтыг цуцална гэж сүрдүүлсэн юм. Учир нь Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон, дэд ерөнхийлөгч Майк Пенс нар “Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзаж, хэлэлцээр хийхгүй бол Лив улс шиг болно” гэж ярьсанд Хойдын тал ундууцсан.

Улмаар харилцаа муудвал Америктай цөмийн дайн хийхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Лив улс нь 2003 онд Америктай хэлэлцээр хийж, цөмийн хөтөлбөрөө зогсоосон байдаг. Гэтэл арав хүрэхгүй жилийн дараа тус улсын удирдагч Муаммар Каддафи хэргэм зэргээ хураалгаж, улмаар барууны дэмжлэгтэй босогчдын гарт амиа алдсан юм.

Эх сурвалж: BBC, CNN